“102 police” аппликейшнээр гомдол мэдээллийг нь хэн шалгаж буйг хянаж болно
2024-09-29 13:50:00
Иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой “102 police” аппликейшн ажиллаж эхэллээ. Тус аппликейшныг гар утсандаа суулгаснаар дуудлага, мэдээллийг зурвас хэлбэрээр өгөх, дүрст дуудлага хийж, цагдаагийн байгууллагатай шууд холбогдох боломжтой болж байна. Энэ нь тусгай хэрэгцээт болон хаяг, байршлаа тодорхойлон хэлэхэд хүндрэлтэй иргэдэд нэн тустай үйлдэл гэж үзэж байна.
Техник технологийн дэвшилтэд шийдлийг цагдаагийн байгууллагад нэвтрүүлэх ажил эрчимтэй хэрэгжиж байна. Үүний нэг болох 102 аппликейшн нь иргэд олон нийтийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор ашиглалтад орлоо. Иргэн 102 аппликейшнээр дамжуулан дуудлага, мэдээлэл өгөх, дүрст дуудлагаар цагдаагийн алба хаагчтай шууд холбогдох, дуудлагыг аль хэлтсийн, ямар алба хаагч хүлээн авсан зэрэг дуудлагын явцын талаарх мэдээллийг харах боломжтой байна.
Мөн иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зөрчлийн шинжтэй мэдээллийг аппликэйшнээр дамжуулж, баримтжуулан илгээх боломжтой байна. Ингэснээр иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулна. Хэрэв тухайн асуудалд зөрчлийн шинжтэй үйлдэл байвал дуудлага, мэдээлэл өгсөн хувь хүнд урамшууллын оноо өгөх юм байна. Иргэн апплейкшныг гар утсандаа суулган и-монголиар баталгаажуулалт хийлгэх шаардлагатай. Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг хялбар болгох шийдлийг тусгажээ.
Түүнчлэн олон нийтэд зориулсан хэд, хэдэн төрлийн үйлчилгээг нэвтрүүлснээрээ онцлог байна. Тухайлбал, замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалтын бүстэй холбоотой мэдээллийг тус аппликейшнээс авах боломжтой. Мөн замын хар цэгийн мэдээлэл буюу осол хамгийн их гардаг замын мэдээллийг ч багтаажээ. Иргэн эрсдэлтэй буюу осол их гардаг бүсэд зочсон тохиолдолд тухайн иргэний гар утсанд аппликейшнээр дамжин мэдэгдэл ирэх юм байна. Цагдаагийн байгууллагын байршил, холбоо барих дугаарыг ч мөн багтаажээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.