Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил 2025 онд дуусна
2024-09-25 10:29:00
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр буюу 9-р сарын 24-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Улс төрийн зөвлөлийн дарга Цог тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарч, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дулааны станц, Ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламж, авто зам, цахилгаан хангамж гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд дуусгана” гэв.
Хоёр улсын хилийг огтлон гарах цэгийг тогтоож, чөлөөт бүсийг хооронд нь авто замаар холбох, мөн Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ирэх ондоо багтаж хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд хоёр улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байгаа аж.
Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жилийн ой тохиож байгаа учраас Хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.