Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.3 тэрбум хүртэл нэмнэ

2024-09-11 09:43:00

Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.3 их наяд төгрөгт хүргэнэ. Тодруулбал, Хуримтлалын сангаас  562.1 тэрбум төгрөг, Монголбанкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум төгрөг нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргахаар төлөвлөсөн. Дээрх санхүүжилтийн үний 50-иас доошгүй хувийг орон нутагт чиглүүлнэ.

Ипотекийн зээл өнгөрсөн жилүүдэд 700 орчим тэрбум төгрөгөөр хязгаарлагдаж ирснийг Засгийн газар энэ онд 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэхдээ Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр энэ онд шинээр 10 мянга орчим иргэн байртай болох бололцоо бүрдсэн. Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн нь орон нутгийн иргэдэд илүү боломж олгож буй. Өмнө нь ипотекийн зээлийн 20 хувь орон нутагт очдог байсан бол энэ жил 40 гаруй хувьд хүрсэн.

Харин ирэх жилд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн 50 хувь буюу 650 тэрбумыг орон нутгийн иргэдэд олгох бодлого барих аж.

Орон нутагт ипотекийн зээл жилийн гурван хувийн хүүтэй олгогдох бол Улаанбаатар хотод хамгийн багадаа 6 хувийн хүүтэй олгогдоно. Ингэхдээ дээрх 6 хувь нэмэгдэж ч болзошгүй байгаа. Төв банкны ерөнхийлөгчийн мэдээллээр Улаанбаатар хотын А бүсэд баригдсан орон сууцанд 10 хувийн, Б бүсэд баригдсан орон сууцанд 8 хувийн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцанд 6 хувийн ипотекийн зээл олгох схем боловсруулсан. Улс төрийн дэмжлэг авсан нөхцөлд энэхүү схем хуульчлагдаж, нийслэлийн иргэд 6-10 хувийн ипотекийн зээлд хамрагдах болж буй юм.

Түүнчлэн иргэдийг орон сууцжуулах дээрх арга хэмжээтэй зэрэгцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэх аж.

Үүнд зориулж 93.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд Улаанбаатар хотод 6152 өрх, орон нутагт 7282 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд хамруулахаар төлөвлөөд байна. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийг 2025-2027 онд үе шаттайгаар улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр 90 тэрбум төгрөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад тусгасан юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.