Хотын даргын зөвлөх Ж.Энхжаргалан залуусыг мөрийтэй тоглоомонд уриалсан уу?
2024-09-10 13:24:00
BRB компанийн захирал Ж.Энхжаргалан өөрийнх нь хэтэвч зузаан, эрх ашиг нь зөрчигдөхгүй л байвал болох мэт аашилж байна. Тэр урлагийн салбар, хүүхэд залуусын хөөр хөгжөөнийг хүртэл өөртөө ашигтайгаар эргүүлэх юм. Тэрээр XMF фестивалыг сүүлийн 8 жил зохион байгуулж буй. Энэ удаа түүний санасандаа хүрч сарвааснаа авах хөшүүрэг нь реппер Цэцэ байв.
Цэцэ тоглолтоо хийхэд үзэгчид нь залуучууд байх нь тодорхой. Тиймдээ ч тэдний юу сонирхож, юунд амархан уруу татагдахыг ч Ж.Энхжаргалан тооцоолсон бололтой.
Сүүлийн үед хүүхэд залуус хар тамхи, архи дарснаас дутахааргүй донтож, ажил амьдралаа алдаж буй зүйл бол цахим мөрий буюу 1XBET. “Bet” нь спорт сонирхогчдын хувьд өөрийн таамаглалаа боловсруулж, бооцоо тавих талбар хэдий ч мөрийтэй тоглоомоос ялгаагүй сөрөг нөлөөтэй. Энд бас тоглолт наймаалцаж, бооцоо луйвардсан хэрэг гарч олон залуус нэр хүнд, амжилт нь үгүйрч цаашдын карьер нь ч бүдгэрч байв.
Жишээ нь Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулсан тэмцээнд тоглолт наймаалцсан хөлбөмбөгчин А.Улсболд, Д.Доржсүрэн, З.Мишээл, М.Нямжав нарын хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь гурван сараас нэг жилийн хугацаанд хасаж байлаа.
Ганц энэ гэж үү? Үгүй ээ. Монголын олон залуус 1XBET-д бооцоо тавьж, түүндээ донтож, эд хөрөнгө, гэр бүл, залуу насаа алдсаар. Үүний ард олон ч эмэгтэйн нулимс урсаж, хүүхдүүд ч өнчирч хоцорч буй дүр зураг харагдах болсон.
Гэвч хотын даргын зөвлөх нь өсвөр үеийн болон ид хөдөлмөрийн насны залуус цуглуулчхаад цахим мөрийтэй тоглоомын сайтыг тоглолтынхоо туршид сурталчилж, тайзны цөм хэсэгт логог нь байршуулж, эргэн тойрон дахь лед дэлгэцүүдээр зогсоо зайгүй гаргаж байгаа нь хэр зохимжтой вэ? Таван дуу дуулаад 5 минут реклам цацахдаа мансууруулах бодисоос сэргийлэх зөвлөмж хүргэж байсан ч хар тамхи шиг залуусыг донтуулж буй 1XBET-ийг спонсор байгууллагаараа сонгосон нь хэр ёс зүйтэй вэ?
Техник технологи хөгжсөн өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд тархсан цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомын сүлжээг хянахад хүндрэлтэй байхад энэ мэт тоглолт шоу далимдуулан сурталчилсаар байвал манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд аюултай нөхцөл байдалд хүрнэ.
Тиймээс энэ мөрийтэй тоглоом, түүнийг сурталчлах, зохион байгуулах зэрэг асуудлыг зохицуулдаг, хянадаг эрх зүйн системтэй болохгүй бол Ж.Энхжаргалан мэт залуусын хүсэл мөрөөдөл, хөөр хөгжөөнөөр далимдуулан түгээн дэлгэрүүлэх хүмүүс улам олон болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.