Өнгөрсөн долоо хоногт 62 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
2024-09-02 16:31:00
Цахим хэрэгсэл, цахим сүлжээ ашиглан үйлдэж буй гэмт хэргийн 30 орчим хувийг “Facebook” платформ ашиглаж үйлдсэн байх ба үүнээс 95.6 хувийг нь залилах гэмт хэрэг эзэлж байна.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт /2024.08.26-2024.09.01-ний өдрүүдэд/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 704 бүртгэгдсэнээс 62 нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Үүнээс 72 хувь нь “Онлайнаар цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө, урамшуулал олгоно”, “Онлайнаар бараа бүтээгдэхүүн зарна, автомашин, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг худалдаална” гэх зарын дагуу мөн танил хүний фэйсбүүк хаягыг ашиглан мөнгө гуйх зэрэг үйлдлийн аргаар үйлдэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:
Иргэн Б нь телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж урамшуулал аваарай гэх зарын дагуу холбогдож, 5 удаагийн гүйлгээгээр 25.000.000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан,
Мөн дээрх зарын дагуу иргэн Ц нь үл таних хүний данс руу 6 удаагийн гүйлгээгээр 16.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан,
Иргэн Г нь "Миний хакердуулсан Facebook хаягаас мөнгө хэрэгтэй байна гэж хүмүүсээс мөнгө гуйсан chat бичиж танил 2 эгч маань нийт 1,200,000 төгрөг шилжүүлж залилуулсан байна" гэх зэрэг хэргүүд бүртгэгдсэн.
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэд гэрээсээ гарахгүйгээр хаанаас ч хамаагүй өөрийн хүссэн үйлчилгээгээ авах, бараа бүтээгдэхүүнийг захиалан авах үйл явц хурдацтай хөгжиж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон байгууллага гарч ирсэн байна.
Онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж гэртээ хүргүүлэн авах нь иргэдийн цаг хугацаа, бусад зардлыг хэмнэж байгаа нь сайшаалтай зүйл боловч үүнийг дагаад эрсдэл мөн хүлээж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас цахим орчинд залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх 3 төрлийн алхамыг танд зөвлөж байна.
Алхам 1: Хэрвээ таны танил хэн нэгнээс “Мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн бол заавал утасдаж тодруулах. Хэрэв тодруулахгүй бол та мөнгөө алдах эрсдэл 100%.
Алхам 2: Хэрвээ та онлайнаар аливаа төрлийн бараа бүтээгдэхүүн захиалж байгаа бол тухайн бараа таны гар дээр очоогүй тохиолдолд урьдчилгаа болон бүрэн төлбөрөө бүү шилжүүлээрэй.
Алхам 3: Цахим хэлбэрээр аливаа төрлийн үйлчилгээ /зээл олгох, санхүүгийн тусламж үзүүлэх, цагийн ажилд оруулах, урамшуулал олгох гэх мэт/ үзүүлэхдээ эхлээд шимтгэл, баталгаажуулах төлбөр зэргийг бүү шилжүүлээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.