Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол малчдын амьжиргааг шинэ шатанд гаргах боломж

2024-06-06 11:39:00

Баруун бүсийн хоршоологчид, шинэ цагийн бизнесмэн малчид өнөөдөр /2024.06.06/ Завхан аймагт чуулж зөвлөлдлөө. УИХ-аас эрсдэл даахуйц мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх тухай анхдагч хуулийг баталснаар Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ аваад байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойшхи хугацаанд байгуулагдсан 2500 хоршооны 648 нь баруун бүсэд байгаа аж. Тус бүсийн 6746 малчин “Шинэ хоршоо”-нд нэгджээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байгаа аж. Ингэхдээ нийт олгогдсон зээлийн 18.6 тэрбум нь Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгасан байна.

Богино хугацаанд ийм өндөр үр дүнтэй хэрэгжиж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сонгууль угтсан улс төр гэж харж болохгүй бөгөөд цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Тэрбээр Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнийг нээж үг хэлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд “Шинэ хоршоо”-ны хамгийн анхны зээл гарч байсныг дурдав. Тэгвэл үүнээс хойш буюу энэ сарын 1-нээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн үе шат болох хоршоодыг чадавхжуулах ажлыг эхлүүлээд байна.

Д.Амарбаясгалан дарга энэ үеэр АН-ын нэр бүхий хүмүүсийн зүгээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үгүйсгэж, малчид их хэмжээний мөнгөнд менежмент хийх чадамжгүй гэж доромжилж байгаатай санал нийлэхгүй гэдгийг хэлээд “Малчдын амьжиргааг шинэ шатанд гаргах, тэдэнд боломж олгох, хөдөөд чанартай, сайхан амьдрах боломж олгох үүднээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн” хэмээн тодотголоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.