Аминаас үнэтэй НАМЧИРХАЛ
2024-06-17 10:45:00
Урьд нь нам дагавал ам тосддог байсан бол одоо толгой цусдах болж. Улс төрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж байж л нам оршин тогтнож буй. Тиймээс ч үзэл баримтлалынхаа хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулж, УИХ-ын сонгуульд өрсөлддөг. Атал орчин үед хэл ам, гар хөлөөрөө сонгуульд өрсөлддөг болсон хэрэг үү...
Монгол Улс нэг намын тогтолцооноос салж, олон намын систем рүү шилжихээр зориг шулуудсан ч хоёр нам л төрийн эрхийг булаацалдах болж. МАН, АН-ын дэмжигчид ч хоёр хуваагдчихдаг. Мэдээж үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх нь тухайн хүний эрх ч гэлээ “Сохор” мэт авирлах намын гишүүд, дэмжигчид олон.
Ялангуяа хөдөө орон нутагт намчирхал утгаа алдчихсан. Саахалт айлын санаа нэг гэдэг ч өөр, өөр нам дэмждэг бол нэгнээ нүдний булангаараа ч харахгүй. Магад мал хуй нь нийлбэл муу ёр гэх нь холгүй.
Олон хавар нэгэндээ гэгчээр намчирхал эрдэнэт хүний аминд хүрэв. Хоёр хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 15-ны шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх МАН-ын ухуулагчийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Сонгууль эхлээд долоо л хонож байхад ийм үйл явдал болсон нь дэндүү эмгэнэлтэй. Бас иргэдийг айдаст автуулав.
Энэ хэргээс сургамж авч, бид ер нь хаашаа юуны төлөө явж байна вэ гэдгээ тунгаан бодох цаг иржээ. Намчирхал, сонгууль гэж нэгнийхээ аминд хүрвэл цөөхөн Монголчууд бид юу болж үлдэх вэ?
Бид ер нь хагаралдан бутрах дуртай улс аж. Өчигдөр бид удам угсаа, баруунтан зүүнтэн, улаан шар хар гэж хагаралдаж байсан бол өнөөдөр манай танай нам гэж хагаралдаж байна. Энэ бол тэр чигтээ тогтолцооны гажуудал. Яагаад ах дүү, хамаатан садангууд намаас болж муудалцаж байна гэвэл ажил албатай нь шууд холбоотой. Төрийн ажлыг намын томилгоогоор хийдэг болчихсон учраас хэн нь намдаа үнэнч байна тэр хүн зөөлөн суудалд заларна. Гэвч одоо намтай нь биш номтой нь төрд ажиллах цаг нь болсон. Үүнийг иргэд ч зах зухаас нь хараад ойлгосон. Тиймээс нам дагасан зүрхний хийтэй гишүүд, дэмжигчид энэ хийрхлээ хэзээ зогсоох вэ? Намчирхал хүний аминаас үнэтэй байх ёсгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.