АНУ-ын Хууль зүйн яам Ерөнхий сайд асан Сү.Батболдын эсрэг Нью-Йорк хотын шүүхэд нэхэмжлэл гаргажээ
2024-03-27 16:38:00
АНУ-ын Хууль зүйн яам Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын авлигын мөнгөөр худалдаж авсан гэх Манхэттан дахь 14 сая долларын үнэ бүхий 2 орон сууцыг хураан авах нэхэмжлэлийг Нью-Йорк хотын зүүн дүүргийн шүүхэд гаргасан байна.
Тус нэхэмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхэн авлигын схемээс олсон мөнгөөрөө Манхэттанд 14 сая долларын үнэтэй орон сууц худалдан авсан байх үндэслэлтэй гэжээ.
Мөн Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, монголын ард түмний өмч болох байгалийн баялгийг гэрээ хийгч талд ашигтай нөхцөлтэйгээр худалдсан гэсэн нь өнөөгийн Оюу толгойн гэрээний асуудлыг хөндсөн тухай юм.
Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхэн Монголын байгалийн баялгийг олон сая доллараар худалдсанаар Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй, үүнийгээ нуун дарагдуулсан гэж нэхэмжлэлд дурдсан байна.
АНУ-ын прокурор Бреон Пис “Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн хууль бус авлигын төлөвлөгөөндөө халхавч болгон Нью-Йорк хотын өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан байх өндөр магадлалтай байна” гэжээ.
Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Нью-Йорк дахь Олон улсын авлигатай тэмцэх хэлтэс уг хэргийг шалгаж байгаа юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.