Т.МӨНХСАЙХАН: Бусад улсад эмч сувилагчийн харьцаа 1:5 байдаг бол манайд 1:1 буюу маш их дутагдалтай байна

2024-03-22 15:32:00

Монгол улс эмчийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг ч эмч сувилагчийн тооны харьцаа хангалтгүй 1:1 буюу 8900 орчим сувилагч дутагдалтай байна.

Жил бүр сувилагч дутагдалтай гэж ярьдаг ч нарийн тооцоо судалгаа байхгүй. Тухайлбал аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатай байгааг тодорхойлж  салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах нь шаардлагатай байгаа юм.

Сүүлийн жилүүдэд салбарын яам сувилагч нарыг мэргэшүүлэхэд онцгой анхаарч өнгөрсөн 5 жилд төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын хамрагдалтыг 2.5 дахин нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн 40-60 хувийг улсын төсвөөс санхүүжүүлсэн зэрэг сувилагчдыг дэмжих ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Тэдгээр нэг нь өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА БА СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр сувилагчийн хүрэлцээг нэмэгдүүлэх, сувилахуйн тусламжийг өргөжүүлэх салбарын бодлого, хүний нөөцийн төлөвлөлтийн талаар хэлэлцэж тодорхой санал санаачлага, шийдлүүдэд хүрчээ.  

 Тус хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан оролцож манай улсад үүсээд буй сувилагчийн дутагдлыг цаашид хэрхэн нөхөх төлөвлөгөө, стратегийг боловсруулах 3 арга замыг танилцууллаа.

НЭГДҮГЭЭРТ, Сувилагч мэргэжлийг яагаад сонгох ёстойг өнөөгийн хүүхэд залуучуудад сурталчлах

ХОЁРДУГААРТ, Сувилагч мэргэжлийг бэлтгэж байгаа байгуулагуудын чанар хүртээмжийг сайжруулах, сургалтын төлбөрт ямар ямар зохицуулалт хийхээ тодорхой болгох

ГУРАВДУГААРТ, Сувилагчаар төгссөн хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүй өөр ажил хийх, гадагшаа явах шалтгаан нөхцөл юу байна гэдгийг тодруулах цалин мөнгөний асуудлыг нэмэгдүүлэх боломж гаргах хэрэгтэй байна.

Мөн сувилагчийн хийх шаардлагагүй эмнэлгийн зарим ажлыг сувилагч нар давхар хийж байгаа асуудал байна. Тэгэхээр энэ дутагдаж байгаа мэргэжилтнүүдийг хангалттай нөхөөд өгвөл сувилагч нарын ажлын ачаалал буурах ажилдаа сэтгэл хангалуун болж сувилагчдын дутагдлыг нөхөх цогц боломж байна.  Олон улсад сувилагч эмчийн харьцаа 1:5  руу явж байна. Гэтэл манайд 1:1 байсан бол одоо бүр доошлох хандлага ажиглагдаж байна. Тиймээс төрийн цогц бодлого зайлгүй хэрэгтэй байна.

Бас нэг чухал асуудал бол бусад улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн сувилагч гэж байна.  Ийм нарийн мэргэжил эзэмшсэн сувилагч нар анхан шат буюу сум дүргийн өрхийн эмнэлгүүдэд ажиллаж иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах тухай нарийн мэдээллүүд өгч ажилладаг. Харин манайх энэ төрлийн сувилагч нарыг бэлтгэж чадахгүй байна. Энэ  мэргэжилтнүүдийг бэлтгэхгүйгээр ард иргэд эрүүл байх боломжгүй. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамгийн гол зорилго бол ард иргэдээ эрүүл байлгах. Энэ зорилгын нэг том хэсэг бол нийгмийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэх асуудал гэдгийг тодотголоо.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.