Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2024-03-19 14:08:00
Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээг тоймлон хүргэж байна. Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна.
Гуравдугаар сарын 21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна.
Гуравдугаар сарын 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Гуравдугаар сарын 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно.
Гуравдугаар сарын 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Гуравдугаар сарын 26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.
22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.
Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарна уу.
Гуравдугаар сарын 23, 24-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө -5...-10 градусаар хүйтэрч, 25-наас дулаарна.
Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутаг бүхэлдээ, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй болсон байна. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар алаг цоог цастай. Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдээд 44 см болсон байсан бол өнөөдөр өглөөний байдлаар хамгийн их нь Увсын Түргэн сум 40 см, Хяргаст 39 см, Улаангом, Зүүнговь, Давст суманд 30-34 болж, багасжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.