“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний хоёрдугаар чуулган боллоо

2024-03-16 12:50:00

Монгол Улсад архины хэрэглээнээс хамаарсан нас баралт дэлхийн дунджаас 4 дахин их байна. Монгол эрчүүдийн богино наслалтын голлох шалтгаан бол архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолдог. Үүнээс үүдэлтэйгээр хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй. Тэгвэл энэ сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл Монгол хүн” Үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байсан. Энэхүү хөдөлгөөний хүрээнд хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарсан ажлуудыг шат дараатай хийж байгаа билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган зохион байгуулагдах болсон. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний хоёрдугаар чуулган зохион байгуулагдлаа. Уг чуулганаар эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгаалал, тэдэнд тулгамдаж буй асуудлууд буюу эрүүл мэнд, дундаж наслалт боловсрол, сэтгэл зүй зэрэг сэдвийг өргөн хүрээнд хөндөж, хэлэлцлээ.  

Энэ үеэр чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм . Тэрбээр “Монгол орны хувь заяад монгол эр хүнээс ихээхэн хамааралтайг ойлгож, дор бүрнээ өөртөө дүгнэлт хийх цаг болсон. Ингэж чадвал энэ улс сайхан хөгжинө” гэв.

Түүнчлэн Чуулганд Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлуудаар Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Эрүүл Монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд сэдвээр Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, Спорт, Нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нар илтгэл тавьж оролцлоо.

Т.Мөнхсайхан зөвлөх илтгэлдээ монгол эрчүүдийн дундаж наслалт болон түүний шалтгаан нөхцөл, үүнийг хэрхэн бууруулах талаар ярьсан юм.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.