Жилд 5650 орчим иргэн зүрх судасны эмгэгийн улмаас нас барж байна
2024-03-14 15:16:00
Монгол улсын хувьд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчин эхний 3 байрыг эзэлдэг. Харин нас баралтын хувьд зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт сүүлийн 30 жилийн турш эхний байрыг эзэлсээр ирсэн. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1950 онд нийт нас баралтын 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь, 1995 оноос 30.8 хувийг эзэлж байсан ба 2020 оны байдлаар 36.4 хувь хүрч жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна. Тэр дундаа манай улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй 15 хүртэлх насны хүүхдийн дунд зүрхний эмгэгийн эрт илрүүлэх, оношлох, улмаар эмчилгээнд хамруулах, уг эмгэгт хүргэдэг эрсдэлийг бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг интервенцийг цэцэрлэг, сургууль, гэр бүлд чиглүүлэн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байна.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад жил бүр 6 нас хүрч сургуульд элсэх үед нь тухайн насны бүх хүүхдийг эрүүл мэндийн цогц үзлэг, ялангуяа зүрхний эмгэг, гажгийг эрт илрүүлэх үзлэг хамруулан хянадаг тогтолцоо бүрдүүлсэн байдаг. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нэгэн зорилго нь эрүүл зан үйл, бие бялдартай залуу үеийг цэцэрлэг, сургуульд суралцах хугацаанд төлөвшүүлэх юм. Энэ хүрээнд ЕБС-д элссэн 1-р ангийн сурагчдын эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлт, хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаан болж буй зүрхний эмгэгийн илрүүлгийг 2022 оноос эхлүүлж Архангай, Увс, Орхон аймаг, Нийслэлийн Хан-уул дүүргийн 6 настай сурагчдыг хамрууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.