Хоёр хоногт 3000 гаруй тоо толгой малыг нийслэлийн суурьшлын бүсээс гаргажээ
2024-03-11 11:12:00
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгуулжээ. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3,051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна.
Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулжээ.
Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн мал байхгүй.
Тодруулбал гуравдугаар сарын 9-ний өдөр 2,153, 10-ны өдөр 898 малыг суурьшлын бүсээс гаргасан бөгөөд түр хашаанд мал хонуулалгүйгээр эздийг нь тогтоож, хүлээлгэн өгчээ. Мөн эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, тэжээл өгсөн байна.
Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.