321 резидент эмчийг орон нутагт ажиллуулна
2024-02-26 13:32:00
Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл Мэндийн Яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэадээлэл хийлээ.
21 аймгийн хэмжээнд отор нүүдлээр болон өөрийн аймагт өвөлжиж буй 68,361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагджээ.
Тодруулбал, Жирэмсэн эх 2,129, 0-5 насны хүүхэд 8,012, өндөр настан 13,544, хөгжлийн бэрхшээлтэй 4,705, архаг суурь өвчтэй 11,650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн нийт 3,585 өрхөд эмийн багц хүргэжээ.
Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг орон нутагт 4-5 эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч нар, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж буй.
Тус баг зам даваа хаагдсан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ 350 өрхөд эмнэлгийн багцаа хүргэсэн байна.
Зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн хүргэх зорилгоор Эрүүл Мэндийн Яамны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд бүртгэлтэй үндсэн мэргэжлийн нийт 321 резидент эмчийг хоёрдугаар сарын 24-нөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажиллуулахаар болжээ. Резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очиж зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллах юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.