Метроны бүтээн байгуулалтад ₮333 тэрбум, зөвлөх үйлчилгээнд ₮54.6 тэрбумыг зарцуулна

2024-02-21 16:49:00

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг  Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.  

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар,тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна

Мөн төсвийн тодотголоор Энхтайван өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамжаас-Их Монгол улсын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Жанжин Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох , сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ.

Тухайлбал, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна. Мөн Алтай хотхон, Кинг тауэр,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс...зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон,  хорооллуудад  улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.

Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого ₮50 тэрбум, татварын бус  орлого ₮68.8 тэрбум байх  аж.

Харин төсвийн зарлагын хувьд дэлгэрүүлбэл,

  • Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтын зардлыг ₮27.8 тэрбум
  • Нийтийн тээврийн машин цагийн зардлын зөрүүг ₮26 тэрбум
  • Нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, Сэлбэ голын дагуу халиа дошны хор уршгийг арилгах, шар усны үерээс  урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хаггах  зорилгоор хариу арга хэмжээ авах ажлыг  зохион байгуулах хүрээнд  Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг  ₮4 тэрбум
  • НЗДТГ, Улаанбаатар хотын ЗАА-ны бүтэц, орон тооны хязгаарын хүрээнд цалингийн зардалд ₮1.4 тэрбум
  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээ болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20 хувь,  бусад алба  хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тооцоолж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын  алба хаагчдын цалингийн зардлыг ₮3.8 тэрбум
  • 2024 онд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх хөрөнгөөс ₮28.3 тэрбум зэргээр тусгаж, бусад урсгал зардал хооронд зохицуулалт хийх байдлаар  төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.       

Улмаар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдан орж ирсэн бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын  ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23 буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм.  Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе  шаттай зохион байгуулж, эцэслэн батална.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.