Парис хотын иргэд жийп машины зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэхийг дэмжжээ

2024-02-05 09:50:00

Франц улсын нийслэл Парис хот дахь зогсоолуудад жийп машины зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэх эсэх асуудал дээр иргэдээс санал авчээ. Нийт 1.3 сая орчим иргэн санал өгснөөс 54.6 хувь нь жийп машины төлбөрийн зогсоолыг нэмэхийг дэмжсэн байна. 

Зогсоолын шинэ тариф ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр жийп автомашинуудын хувьд Парисын төвийн бүсийн зогсоолуудын нэг цагийн төлбөр 18 евро, хотын бусад хэсгийн зогсоолуудад 12 евро болж байгаа юм байна. 

Шинэ тариф нь 1.6 тонноос дээш жинтэй дотоод шаталтын болон хосолсон хөдөлгүүртэй автомашинууд, 2 тонноос дээш жинтэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад үйлчилнэ.

Гэхдээ өндөр тариф зөвхөн нийтийн зогсоолуудад үйлчлэх бөгөөд хувийн эзэмшлийн зогсоолуудад хамаарахгүй гэв. 

Таксины жолооч, эрүүл мэндийн ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бүрэн цахилгаан автомашинтай иргэд зогсоолын нэмэгдэлтэй төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. 

Парис хотын нийт автомашины 10 орчим хувь зогсоолын өндөр төлбөртэй болж, хотын төсөвт жил бүр 35 сая хүртэл евро оруулдаг болохыг хотын зам тээвэр хариуцсан орлогч Давид Беллард мэдээлжээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.