Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг энэ сарын 30-наас цахимаар олгохоор болжээ

2024-01-26 12:12:00

Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-наас эхлэн визийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор болсныг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээллээ. 

Энэ нь гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилготой аж. 

Өмнө нь визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, зөвшөөрөгдсөн тохиолдолд визийн зөвшөөрлийг цаасан хэлбэрээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй мэйл хаягаар илгээж байсан.

Цахим хэлбэрт шилжсэнээр мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч цахим визийн зөвшөөрлөө шалгах боломжтой болох юм.

Тодруулбал уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс уригдагч гадаадын иргэний болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг бүх төрлийн мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авах боломж бүрдэж байна. 

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд isf.mn нэгдсэн системээс хянаж, виз олгох юм.    

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн онд гадаадын 44,831 иргэнд визийн зөвшөөрөл олгосон тоон үзүүлэлт бий.

Харин визийн зөвшөөрлийг ийнхүү цахимд шилжүүлснээр дээрх тооны визийн зөвшөөрлийг хэвлэх бичиг хэргийг зардлыг  бууруулаад зогсохгүй хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах, скайнердаж хүсэлт гаргагчид илгээх зэрэг олон шат дамжлагууд багасахад чухал ач холбогдолтойг мэдээллээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.