2023 ОНЫ ОНЦЛОХ 12 ҮЙЛ ЯВДАЛ

2023-12-27 10:19:00

Сайн муу сүлэлдсэн 365 өдөр шувтарч тун удахгүй дахин шинэ адал явдал, дурсамж агуулах 365 өдрүүд эхлэх нь ээ. Өнгөрсөн хуучирсан бүхэн өөр өөрийн гэсэн бахархал, харуусал, алдаа оноотой. Гэхдээ бүгд дурсамж, сургамж болон үлдэнэ. Үлдэх дурсамжаасаа сургамж, туршлага авахдаа эргэн санахад амар байхаар 2023 оны онцлох 12 үйл явдлыг энд тоймлон үлдээлээ. 

2023 ОНЫ ЭЕРЭГ ЗУРГААН ҮЙЛ ЯВДАЛ

1. УРАА!!! ӨРӨӨ ДАРЛАА

Монгол Улс 2023 арванхоёрдугаар сарын 25-нд Самурай бондын 30 тэрбум иенийн өр буюу 200 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлав. Түүнчлэн Хөгжлийн Банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн. Одоогоор валютын нөөц 4.4 тэрбум амдоллар байна.  Ингэснээр оны эцэст Монгол улсын төсөв болон төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарах чигтэй болж эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрт хүрэх суурь нөхцөл бүрдлээ. БРАВО

2. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН НҮҮРИЙГ УЛАЛЗУУЛАВ

2023 онд иргэд олон нийтээс нууж байсан эдийн засаг, мөнгийг илт тод болгох ажлуудыг эрчимтэй урагшлуулсан сайшаалтай. Үүнээс нүүрсний сонсгол зохион байгуулж олон хулгайн хэрэг ил болсон нь яах аргагүй оны онцлох үйл явдал байлаа.

Сонсголын үр дүнгээс дурдвал, Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан. Энэ нь 5 тэрбум ам.долларын нүүрсний асуудал. Нийт 3000 жолооч гаргаснаас хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан 20 жолооч, 15 компани гэсэн тоо гарав.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 404 их наядын нүүрсний үнэлгээтэй Бортээгийн уурхайг МТАС нэгдлийн дөрөвхөн компани 700 тэрбумын тендерээр авчихсан байгаа нь сөхөгдөв.

Хоёр шатны сонсголоор  “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 500 гаруй хүнийг гэрчээр дуудсан ч зарим нь ирээгүй.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат болон А.Амундра гэсэн чухал гэрчүүд ирсэнгүй. Араас нь сураг ажиг тавьсан хүн ч байсангүй. Ямартай ч сонсгол хийгээд илчилсэн нь сайн хэрэг. Харин одоо шүүх, шийтгэх, хариуцлага хүлээлгэх том ажил үлдсэн шүү.

3. ТАВАН “Ш” АЖИЛЛАГААГААР АВИЛГАЧДЫГ АВЛАВ

Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, хоёрдугаар сарын  9-нд Авлигачдыг авлах “А” төлөвлөгөө буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шил ажиллагаа зэрэг 5 Ш ажиллагааг зохион байгуулав.

Шувуу ажиллагааны хүрээнд, Авлига, хээл хахуулийн томоохон хэрэгт шалгагдаж байгаад эх орноосоо оргон зайлсан эрх мэдэлтнүүдийг авчирсан. Хамгийн дуулиантай нь  сайд асан Т.Бадамжунайг Филиппинээс авчирсан баривчилгаа байв. Шилэн ажиллагааны  хүрээнд, Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг хийхэд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төрийн захиргааны төв 16 байгууллага 71.56 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын эхээр 75.45 хувь болж өсжээ. Шүүр ажиллагааны хүрээнд, Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах зорилгоор хүнд суртал гарган авлига, хээл хахууль авсан алба хаагчдын талаарх иргэдийн гомдол мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Нийт 6278 зөрчил илрүүлснээс 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 5Ш ажиллагааны хүрээнд төрийн байгууллагын хүнд суртал, үүнийг үүсгэж байгаа нөхцөлийг арилгах чиглэлээр шийдэл эрэлхийлж, иргэдийн мэдээллийг сонсож, биечлэн уулзаж, асуудлыг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлж, хариуцлага хүлээлгэсэн сайн үр дүнд хүрэв.

4. МОНГОЛ БАГ PUBG MOBILE-ЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Саяхан л утсаараа тоглоом тоглож буй залуу үеэ цахим тоглоомын донтон, хийх ажилгүй залхуу гэх мэтээр үл тоодог байв. Харин энэ хандлагыг цахим спортын PUBG Mobile төрлийн “PMGC 2023” тэмцээнд Монголын IHC баг тэргүүлж, Дэлхийн аварга болсноор өөрчилж чадлаа. Үүүгээр ч  зогсохгүй Монголын Stalwart Esport баг дэд байрт, 4Merical Vibes баг дөрөвдүгээр байрт шалгарч, Монголын E спортын залуус ДАШТ-ийг байлдан дагуулав. Төр засгаас ч тэднийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэн монгол улс техник технологи, цахим ертөнцийн салбарт нэг алхам урагшилсан жил боллоо.

5. ОЮУТОЛГОЙ ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДЭЛХИЙН СОНОРТ ХҮРЭВ

2023 оны онцлох үйл явдлын нэгээр яах аргагүй Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг нэрлэнэ.  Энэ уурхайн хамгийн үнэ цэн бүхий баялаг нь газрын гүнд нь бий. Хүдрийн тэрхүү биетэд хүрэхийн тулд “Оюу толгой” компани дэлхийд тэргүүлэх гүний уурхайг барьж байгуулан 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр олборлолтоо эхлүүлсэн. Газрын гүнд уурхай байгуулж, олборлолтыг эхлүүлснээр Монголын говьд байгуулсан их бүтээн байгуулалт дэлхийн сонорт хүрч, хүн төрөлхтөнд “үүц”-ээ задалсан үйл явдал болсон билээ.

Оюу толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, "Рио Тинто"-гийн зэсийн бизнесийг тэлж үүнээс Монгол Улсад үр шимийг бий болгох нь ирэх оны зорилт болох биз ээ.

6. Х БОГДЫН ХОЙД ДҮР МОНГОЛООС ТОДОРЛОО

Монгол төдийгүй бурхны шашинт нийт улсуудын хувьд энэ жил онцгой үйл явдал болсон нь Монголоос  Х богд тодорсон үйл явдал байлаа. Ингээд Шарын шашны хамгийн том төлөөлөл нь монголоос тодорсон тул Монгол бурхан шашин дэлхийн төв болов. Шинээр тодорсон Х богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд сууна. 

2023 ОНЫ СӨРӨГ 6 ҮЙЛ ЯВДАЛ

1. ШИНЭ АВТОБУСТАЙ БОЛСОН Ч НО-ТОЙ НОГООН БАЙВ

Нийслэлчүүд 14-15 жил шинэ автобусны бараа хараагүй. Эцэст нь нэг шинэ дулаан автобустай болсон ч но-той ногоон автобус байлаа.  Но нь илрээд ирэхэд томчууд албан тушаалаа солилцоод галыг намжаав. Ингээд өвлийн хүйтэн эхлэхээс өмнө шинэ автобустай болж дулаан өвөлжих гэсэн найдлага хэдийнээ алдрав. Одоо тэгээд тоггүй, шатахуунгүй хотдоо байгаа хэдэн ямбий автобусандаа багталцахгүй чихэлдээд явж байна.

Нэг ширхэг нь 336 сая төгрөгийн үнэтэй, өвлийн хүйтэнд цонх цантдаггүй, хана, таазанд нэмэлт дулаалга бүхий арьсан доторлогоотой, гар утас цэнэглэх USB залгууртай гэхчлэн магтаж, олны дунд “од” болоод байсан “ЦАВЧАА НОГООН”-ыг 2023 оны онцлох муу үйл явдлын нэгээр нэрлэж байна.

2. БАЛГА БЕНЗИН АВАХ ГЭЖ ШӨНӨЖИН ООЧЕРЛОДОГ БОЛОВ

Эрх баригчид шатахууны хангалттай нөөц бий битгий оочерлоод бай гэж загнаснаас хойш бараг гурван долоо хоногийн турш бид шатахууны хомстолтой байна.  ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, орон нутагт дизель түлш тасалдаад байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ нөгөө талаас Засгийн газар ямар ч тасалдалгүй шатахуун оруулж ирж байгаа талаар мэдээлсээр байгаа. Харин бид балга бензинийн төлөө өдөр шөнөгүй оочерлосоор. Уг нь шатахуун гэдэг стратегийн нэн тэргүүний бүтээгдэхүүн. Улс орны аюулгүй байдал болоод бусад зүйлд аливаа нэгэн эрсдэл тохиоход бэлэн байх нөөц зэргээс шалтгаалж гарцаагүй төрийн мэдэлд байх ёстой ч бүгд хувийн мэдэлд оччихсон. Хувь компаниуд төрөө бойкотолж байгаа дүр зурагтай өдрүүд л өнгөрч байна. Энэ байдлаас болж манай эдийн засгийг нуруундаа үүрч яваа олон салбарт хохирол учирч байна. Жишээ нь, уул уурхай, олон улсын тээвэр ложистик нэмээд сүүлийн үед дэлгэрээд буй бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ зэрэг нь шатахуунтай шууд холбоотой.

3. ТОГ ТАСРАВ, ТЭГ ЗОГСОВ

Нийслэл хот шатахууны хомстолд орж байгаа хүнд цаг үед нэмээд эрчим хүчээ хязгаарлуулсан хүндхэн жил өнгөрч байна. Эрчим хүчний сайд хэзээ мөдгүй л цахилгааны хязгаарлалт хийнэ бэлэн байгаарай гэж зандрав.

Идэр есийн хүйтэнд цахилгаангүй болоход утаанаас салахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар хичээж буй цахилгаан халаагууртай айлууд хөлдөх эрсдэлд оров.

Цахилгаан хязгаарлаж, тасарсан үед харилцаа, холбоо тасалдаж, гэрлэн дохиолол буруу ажилласнаас замын хөдөлгөөний асуудал, галт тэрэг зэрэг тээврийн хэрэгсэлд нөлөөлж, оппортунист гэмт хэрэг нэмэгдэж болзошгүй аюулууд маш олон. Ерөөсөө цагийг нь тулгаж юм хийдэг монголчууд дотооддоо эрчим хүчний эх үүсвэрээ бэлдээгүйн гор гарч байна. Бидэнд эрчим хүчээ бэлдэх, хангах бүрэн боломж байсан ч ашиглаж чадаагүй. Харин одоо эрчим хүчний хязгаарлалтад орсноор макро эдийн засаг том эрсдэл хүлээж, зогсоход хүрнэ.

4. ЗУНЫ ҮЕР ҮРГЭЛЖИЛСЭН БОРООНООС БИШ АВЛИГА ХОРООЛЛООС БОЛСОН

Өнгөрсөн зун Улаанбаатар тэр чигтээ усанд автаж онц байдал зарлахдаа тулсан. Усанд автсан шалтгаан нь олон хоног үргэлжлэн орсон борооноос биш авлигалд идэгдсэн дарга цэрэг нарын төлөвлөлтгүй ажлаас үүдсэн болох нь тогтоогдов.

Тодруулбал, Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцолж байлаа. “Усан парк” барих байсан газарт “Авлига хороолол”  буюу Акуа гарден хотхоныг барьснаар барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулжээ.  Үүнээс үүдэн үер гамшгийн хэмжээнд хүрэв. Авлига хорооллын орчмын барилгыг нураах шийдвэрийг нийслэлээс гаргасан ч үр дүнд хүрээгүй өвлийг үзэв.

Удахгүй зун боллоо. Олон хоног үргэлжилсэн бороо битгий л ороосой...

5. УТАА ӨТГӨРЧ, УЛС ТӨРЧИД БАЯЖИВ

Нийслэл хотод тог тасарна, бензин тасарна, ус тасарна тасрахгүй ганц юм УТАА. Гэтэл утааг арилгасан гээд “Тавантолгой түлш” компанийн хэд өөрсдийгөө 1.1 тэрбумаар шагнав.

Утаа өтгөрч, улстөрчид баяжсаар, улны бид уушгигүй болсоор.

Утаагүй болгохоор жилд дөрөв, таван зуун тэрбумаар нь төсөвлөөд ч Улаанбаатар ҮХЛИЙН ХӨНДИЙ болов.

Ирэх жил утаа байхгүй болсон зургаан сард сонгууль болно. Дахиад утаагүй болгоно гэдэг лоозонгоо тэд барина. Харин хэдүүлээ хэрсүү байна шүү.

6. БОРЧУУДЫН ҮРСЭД ОЛДООГҮЙ ЗЭЭЛЭЭР БАЯЧУУДЫН ХҮҮХЭД ТАНСАГЛАВ

Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангаас нэг их наяд төгрөгийн зээл гарчээ. Энгийн иргэдэд хүрдэггүй, өндөр албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй байдгийг энэ жил олноороо мэдэв.

Тодруулбал, БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 гаруй хувийг нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авчээ.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд БЗС-гийн зээлээр гадаадад сурчихаад эргэн төлдөггүй, сурсан мэдсэнээ эх орондоо ашигладаггүй тэндээ үлдчихдэг. Энэ бол улстөрчдийн, төрийн томчуудын хүүхдүүдээрээ дамжуулан үйлдэж байгаа хамгийн том “ОЮУНЫ ХУЛГАЙ" юм.

Тэдэнд боломжоо хумслуулсан оюуны өндөр чадамжтай боловч орлого багатай, сургалтын төлбөрөө төлөх боломжгүй хүүхдүүдийг дэмжихэд зориулсан Боловсролын зээлийн санг тэд хэдүүлэхнээ цөлмөсөн. Одоо  2024 ондоо гомдол тээсэн олон залуусын гомдлыг тайлж энгийн иргэндээ боломж олгоорой гэж хүсье.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.