Говь-Алтай аймгийн Бигэр суманд 45 айлын орон сууц ашиглалтад орно
2023-11-27 14:56:00
11 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдийн өргөтгөсөн хуралдаан болжээ. Хуралдаанаар сүүлийн гурван жилд тус аймагт хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтын талаар ярилцаж, цаашид юунд хэрхэн анхаарч ажиллах асуудлаар хэлэлцсэн байна.
Бигэр суманд 45 айлын орон сууц ашиглалтад орно
Говь-Алтай аймаг 18 сумтай. Үүнээс гурван сум нь нэгдсэн халаалтын системтэй байсан бол сүүлийн 3 жилд 14 сум нэгдсэн халаалтын системтэй болжээ. Нэг ч сум цэвэрлэх байгууламж, ариутгах татварын шугам сүлжээгүй байсан бол 10 сум цэвэрлэх байгууламж, ариутгах татварын шугам сүлжээтэй болсон байна. Үлдсэн сумдад шат дараатайгаар хийгдэж байгаа юм.
Эдгээрийг хэрэгжүүлснээр иргэд төрсөн нутагтаа ая тухтай амьдрах орчин бүрдэж байна. Дэд бүтцийг шийдсэнээр сум бүрт орон сууц барих ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, Бигэр суманд 45 айлын орон сууц барих ажил эхэлж, энэ өвөл ашиглалтад орно.
Алтай хотын төв гудамж дөрвөн урсгал замтай боллоо
Аймгийн төв болох Алтай хот 15км автозамтай. Үүний 10 орчим км нь эвдэрсэн нөхцөл байдалтай байжээ. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд 35.6 км замын зураг төсвийг хийж дуусгасан. Үүнээс 26.5 км автозам баригдаад дуусах шатандаа ороод явж байна. Анх удаа Алтай хот төв гудамжийг дөрвөн урсгалтай замтай болжээ.
Сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 450 багшид 40 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгожээ
Боловсролын чанарыг сайжруулах тал дээр нилээдгүй ажил хийжээ. Тодруулбал, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 35 орчим хувь буюу өнгөрсөн гурван жилд 4.5 тэрбум төгрөгийг энэ салбарт зарцуулжээ.
Ингэрснээр 2022 онд боловсролоороо улсад нэгдүгээр байрт шалгарч, гурван жилд Говь-Алтай аймгаас 18 хүүхэд улсын олимпиадад оролцож медаль хүртсэн байна. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа сүүл мушгидаг байсан бол өнгөрсөн жил 9 дүгээр байрт оржээ.
Үүнээс гадна багш нарыг урамшуулж, доод тал нь 1 сая, дээд тал нь 50 сая төгрөгийн урамшуулал авах боломжийг нээсэн байна. Энэ жил нийт 450 орчим багш сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд урамшуулал авсан байна. Хамгийн дээд тал нь 40 сая төгрөгийг урамшуулал авчээ.
Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй болно
Говь-Алтай аймгийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт бол мал аж ахуй. Аймгийн хэмжээнд 8200 гаруй малчин өрх бий. Тэднийг төлөөлсөн 3000 малчны чуулга уулзалтыг өнгөрсөн жил зохион байгуулжээ. Малын түүхий эдийн үйлдвэрийг барина гэж ярьдаг боловч нэг нь ч хэрэгждэггүй.
Тэгвэл түүхий эдийг үйлдвэрийг төрөөс биш өөрсдөө барих нь зөв гэдэг дээр чуулга уулзалтад оролцсон малчид санал нэгдэж, өнгөрсөн жил малын түүхий эдийг үнэд оруулах, жижиг дунд үйлдвэр байгуулах чиглэл дээр онцгой анхаарсан байна.
Энэ хүрээнд 88 багийн төлөөлөл болох малчдад Өвөрхангай, Төв аймаг болон Улаанбаатар хотод байгаа малын түүхий эдийн бүх үйлдвэрийг үзүүлж, өнгөрсөн долоо хоногт гэхэд БНХАУ-ын ӨМӨЗО-ыг зорьж, малын түүхий эдийн үйлдвэрүүдийг үзэж, туршлага судалжээ. Одооо ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа явж байгаа юм байна. Судалж нягталсны дараа энэхүү ажлыг эхлүүлэхээр болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.