Xагас коксын үйлдвэр барих шаардлагатай

2023-10-18 15:48:00

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ, тус компани 2018 онд байгуулагдсан бөгөөд тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хямд үнэ бүхий хөнгөлөлттэй үнээр нийслэлийн ард, иргэдийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангахад чиглэснийг онцлоод Цаг уур, орчны шинжилгээний газраас РМ2.5 тоосонцор 56, РМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулаад байна гэв. Мөн тэрбээр, хөнгөлөлттэй үнээр нь ард, иргэдийг шахмал түлшээр хангаж байгааг дурдахын зэрэгцээ шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, нийслэлийн 7 дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэн борлуулаад байна гэж байлаа. Түүнчлэн түүхий нүүрс нэг галлагаагаар 4-5 цаг, шахмал түлш 7-8 цагийн шаталттай байгаа нь үнийн хөнгөлөлтөөс айл өрхөд хэмнэлт үүсэж байна. Тухайлбал, нэг айл өвөлдөө дунджаар дөрвөн тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол одоо 2.8 тонн шахмал түлшээр өвлийг давдаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрстэй харьцуулбал нэг өрх айлд 500-600 мянган төгрөгийн хэмнэлтийг бий болгож байна. Үүнийг нийслэлийн 200 мянган айл өрхийн жилийнх хэрэглээгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн таван жилийн хугацаагаар тооцвол 424.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, санхүүгийн хэмнэлтийг үзүүлсэн байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа. Тус компани төвийн, баруун, зүүн үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. 2021 оны байдлаар баруун үйлдвэр нийт ачааллын 78.6, төвийн үйлдвэрт 7.6, зүүн үйлдвэр 13.9 хувийг гүйцэтгэсэн. Цаашдаа баруун үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар бууруулан зогсоож, төвийн болон зүүн үйлдвэр дээрээ ачаалал авна гэсэн зорилтын дагуу шинэчлэлийн ажлууд хийж байна. 2021 онд 19, 2022 онд 13 шугамаар, 2023 оны өнөөдрийн байдлаар 10 шугамаар ажиллаж байна. Цаашид бид 5.5-6 шугамаар үйл ажиллагаагаа бүрэн явуулах бололцоотой. Ийм тооцоо судалгаа, төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байна. Мөн зүүн үйлдвэр хүчин чадалдаа хүрэхгүй байгаа шалтгаануудыг тодорхой судалсны үндсэн дээр хүчин чадлыг нь нэмэгдүүлж, цөөхөн шугамаар ажиллуулах автоматжуулсан системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үйлдвэрийн бүх дамжлагыг автоматжуулснаар ажилчдын эрүүл мэнд, бүтээмжийг сайжруулахаар тооцоолж, үйл ажиллагаагаа чиглүүлж байна гэж А.Батзориг дарга мэдээлэлдээ дурдсан. Тус компанийн цаашдын зорилго нь барьцалдуулагчаа дотооддоо үйлдвэрлэх, нүүрс нүүрсэн бүтээгдэхүүн асаагчийн технологийг нэвтрүүлэх, хагас коксын үйлдвэр барих шаардлагатайг мэдээлэлд дурдаад улмаар үйлдвэрийн дэргэд механик цех шинээр барих, шуудайны үйлдвэрийг барьж, ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн шахмал түлшний шинэ стандарттай болж, барьцалдуулагчид тавигдах шаардлагыг журамласан гэж байлаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд нийслэлийн шахмал түлшний нийт хэрэглээг тодруулахын зэрэгцээ цаашид Улаанбаатар хот гэлтгүй Төв аймаг, Дархан-Уул аймгуудыг шахмал түлшээр хангах боломж, нөхцөл бий эсэхийг лавлав. Мөн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэснээс хойших агаарын бохирдлыг бууруулсан хэмжээ болон цаашид нэн шаардлагатай авах арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан.

Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин агаарын бохирдлыг бууруулахад нийслэл Улаанбаатар хотын захиргаа цахилгаан станц барих газраа төлөвлөөд, ТЭЗҮ-ийг боловсруулах судлах ажлын хөрөнгийг төсөвт суулгах, дэд станцуудын өргөтгөлийн ажлуудыг эрчимжүүлэх, нийслэл хотыг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шахмал түлшний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж өрсөлдөөнийг бий болгож улмаар бүтээгдэхүүний үнэ, зардлыг бууруулах асуудалд холбогдох Засгийн газар, яам, нйислэлийн хотын удирдлага, холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн мэдээлэлтэй холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгөхөөр болсныг мэдэгдэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.