“Уралцсаар” суугаад утаатайгаа өвөлжих болчихлоо

2023-11-08 10:38:00

Утааг бууруулж, агаарын бохирдолгүй болохын тулд нүүрсний хагас коксын үйлдвэрийн асуудлыг хөндөж, шийдвэрлэхээр болсон. Харамсалтай нь нийслэлээс гаргах бондын хөрөнгөөр санхүүжүүлэх асуудал яригдаж, өнөөх нь таг гацчихсан. Үүнээс болоод нийслэлчүүд өнтэй өвөлжих бус өвөлдөө бүгдээрээ угаартаад үхчихгүйхэн амьдрах хэрэгтэй болчихлоо. Бондын асуудлаа яаравчлахгүй бол дахиад хэдэн ч жил утаатай байхыг таашгүй. Уг нь өдгөө Таван толгой түлшийн сайжруулсан гэх нэртэй муужруулагч түлшний технологи муудаж байна гээд мэргэжилтнүүд өнгөрөгч хавраас л түүхий эдийн туршилтууд хийсэн юм билээ. Ингэхэд одоо хэрэглэж буй мидлинг түлш утааг 30 хувиас дээш бууруулж чадахгүй нь бодит үнэн болчихсон нь батлагдаж, харин хагас коксоор 97 удаагийн галлагаа хийж үзэхэд лабораторийн үзүүлэлтээр утаа хоёр дахин буурсан үр дүн гарсан байна.

Тиймээс л хагас коксын үйлдвэрлэлийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг асуудал нэн хурдтайгаар олон нийтийн анхаарлын төвд орсон хэрэг. Уг нь хагас кокс гэдэг нь өндөр дэгдэмхийтэй нүүрсийг нам, дунд температурын /500°-700°/ орчинд хуурай пиролизын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн л дээ. Хажууханд сайн туршлага байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, өдгөө БНХАУ одоогийн байдлаар хагас кокс үйлдвэрлэдэг 300 орчим үйлдвэртэй болчихсон. Эдгээр нь Бээжинг утаагүй болгох гол ажлыг нугалсан гэсэн үг. Тэдгээрийн нэг нь Өвөрмонголдоо урдаа барьдаг химийн технологийн хагас коксын Inner Mongolia blue flame technology environment компани. Тус компанийн үйлдвэр нь 900 мянган тонн түүхий нүүрсийг угааж дараа нь хагас коксын үйлдвэрт оруулдаг. 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай, 600 мянган тонны хүчин чадалтай. Хагас коксын дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд хагас коксын жижиг, дунд, том нунтаг гардаг. Дараа нь хагас кокст гүн боловсруулалт хийсний дараа том бүхэлтэйг нь гангийн үйлдвэрт хэрэглэдэг, нунтаг хагас коксыг шахмал түлш хийх үйлдвэр буюу "Тавантолгой түлш" ХХК-ийн  үйл ажиллагаатай ижил процессоор шахмал түлшээ үйлдвэрлэдэг. Харин хагас коксжуулах процессын явцад бий болсон хий буюу их хэмжээний утааг эрчих хүч, мөн давирхайг гүн боловсруулах технологи ашиглан бензин, дизелийн голлох түүхий эд, нафта болон битум зэрэг бүтээгдэхүүн болгодог байна. Үүнээс гадна шорлогийн нүүрс хийдэг гэхчлэн хагас коксыг бүхий л талаар нь ашиглана. Хагас коксоос гаргасан хийг нь цахилгаан станцад өгснөөр эрчим хүч үйлдвэрлэдэг.

Тэдний технологи нь хүрэн нүүрсийг 750 градуст жигнэж байх явцад хий гардаг. Хийгээрээ боловсруулах үйлдвэрийнхээ хажууд цахилгаан станцад нийлүүлдэг. Хоёрдугаарт, давирхайнаас химийн бүтээгдэхүүн бензин, дизель түлш гарган авна. Том ширхэглэгт хагас коксыг гангийн үйлдвэрт нийлүүлдэг бөгөөд нунтаг хагас коксыг шахмал түлшний үйлдвэрт нийлүүлэх зарчмаар явдаг. Нэг ёсондоо аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалттай гэсэн үг. Мөн хагас кокс бүтээгдэхүүний чанарыг байнга лабораториор шинжилдэг тул бид өнөөдрийнх шиг түлшнээс болж угаартсан эсэхэд маргалдах шаардлагагүй болох байж.  Ердөө л утаагүй болж, агаарын бохирдлоос салж, эрүүл аюулгүй орчинд аж төрөх боломжоо бонд хүлээсээр энэ өвөл алдчихлаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.