Төр хүүхдүүдээс мөнгө харамлах хэрэггүй
2023-11-10 11:41:00
“Үдийн хоол” хөтөлбөр бол хүүхдүүдийг өлсгөхгүй байх тухай биш бидний ирээдүй эрүүл чийрэг өсөж торних үндсийн нэг юм. “Үдийн хоол” хөтөлбөр “Үдийн цай” нэртэйгээр 2019 онд 600, 2020 онд 900 төгрөг нэг хүүхдэд төсөвлөгддөг байв. Харин 2021 оноос нэг хүүхдэд 1500 төгрөг төсөвлөж, “Үдийн хоол” хөтөлбөр болгосон. Ингэхдээ бага ангийн хүүхдүүд 610 ккал илчлэгтэй 1 болон 2 дугаар хоол, нэмэх нь салаттай байхаар төлөвлөсөн.
Аливаа ажил шүүмжлэл дагуулдаг ч гэдэг ч “Үдийн хоол” хөтөлбөр үргэлж шүүмжлэлд өртдөг. Амт чанар, хэмжээ хүртээмж, хоолны сонголт зэрэгтэй холбоотой зөрчлүүд гарсаар байгаа. Тухайлбал сургуулиуд үдийн хоолонд мантуун бууз хийхдээ өөхтэй махыг будаатай хольсноор уураг, өөх тосны байх ёстой хэмжээ алдагддаг жишээ түгээмэл байдгийг эцэг эхчүүд хэлдэг, шүүмжилдэг.
Энэ нь нэг талдаа тогоочийн ур чадвартай холбоотой ч төсөв мөнгөний асуудал ч бас бий. Үнийн өсөлттэй байгаа энэ үед 1500 төгрөгөөр хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол хийж өгөх нь толгой гашилгасан асуудал. Нөгөө талдаа сургуулиуд стандартаа мөрдөж ажиллахгүй байна гэсэн үг. Гэхдээ бүх сургуульд энэ зөрчил байдаггүй.
Дараагийн яригдах асуудал бол дунд болон ахлах ангийнхнийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах асуудал. Одоогоор бага ангийн 382 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсанаар 18 хүртэлх насны бүх хүнийг хүүхэд гэх бөгөөд тэд бүгд тэгш эрхтэй. 2022 оноос дунд, ахлах ангийнхныг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар шатлалтайгаар бэлтгэж байгаа гэсэн ч өдгөө 2023 он шувтарлаа. Төрийн ажил нэг л урагшгүй, хүүхдүүд хөлд нь чирэгдэж байна. Ямартай ч төр хүүхдүүдээс мөнгө, цаг хугацаа харамлалгүй зарцуулдаг болчихвол эрүүл ирээдүй бий болох боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.