Залуусын хүсэл нь хясал болж, амьдралаа алдсаар...

2023-11-09 12:11:00

“Найз аа, амархан мөнгө олох арга байна. Ерөөсөө утсаараа тоглоод л 10 мянган төгрөг хийлээ гэхэд хэдэн зуун мянга  болгоод өсгөөд авна. Тийм үү. Тэгье л дээ”

Энэ бол залуус хоорондын яриа. Инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг...

Мөнгөгүй л бол амьдрахад хэцүү байгаа энэ үед мөнгө олох гэсэн хүсэл нь тэднийг буруу зам руу хөтөлсөөр байна.

Ганцхан жишээ дурдахад, Иргэн Ж 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс фэйсбүүк орчинд tech.poker.go гэх линкээр нэвтэрч, цахим мөрийтэй тоглоом тогложээ. Тэрбээр эхлээд 20 мянган төгрөгөөр бооцоо тавьж, 80 мянган төгрөг хожин урам авснаар шуналдаа автаж, хурдан хугацаанд утсаа харж суугаад их мөнгөтэй болохын тулд ээж, аав, ах, дүү нараасаа 100-500 мянган төгрөг зээлж бооцоо тавьж, зээлсэн мөнгөө алдаад зогсохгүй бүр өөрийн автомашин, хашаа байшингаа барьцаалж, дахин бооцоо тавьж алдсан байна.

Амар хялбараар мөнгөтэй болж, сайхан амьдрахыг хүссэн ч түүний амьдрал орвонгоороо эргэж, орох орон оочих аягагүй болоод  зогсохгүй хайртай дотны хүмүүсээ ч эрсдэлд оруулав.

Яагаад вэ гэж үү. Ерөөсөө л юмыг хялбарчилж, биед амар аргаар мөнгө олох гэсэн залхуу зангаасаа болж, мөрийтэй тоглоомонд хэт донтсон хэрэг. Өөрөөр хэлбэл шунал гэгч айхтар араншин ийм байдалд хүргэж байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 197 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 35 хэргийг шүүхэд шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас “Олон хохирогч байна” гэж сануулга мэдээлэл өгөөд байхад л тоглож байгаа залуус нэмэгдсээр...

Цахим мөрийтэй тоглоом тоглоод алддаггүй хүн гэж нэг ч байхгүй. Тоглох эсэх нь ухамсрын асуудал. Ажил хөдөлмөр эрхлэн мөнгө олж болно шүү дээ. Залхууралгүй хоёр, гурван  ч ажил зэрэг хийж, сайхан амьдарч байгаа хүмүүс бий.

Хандлагаа өөрчилж, амархнаар биш хэрхэн яаж ажиллаж мөнгө олох вэ гэдгийг бодмоор. Барилгын салбарт өдрийн 100 мянган төгрөгийн туслах ажилтны зар бичихэд цалингаа голоод хүн олдохгүй байгаа нь бодит үнэн. Гэтэл цахим тоглоомонд донтож, нэгнийгээ уруу татаж, амьдралаа алдаж байгаа залуус олон...

Амархнаар биш хөдөлмөрлөж олсон мөнгө хамгийн амттай.

Хялбараар биш хичээж олсон мөнгө хамгийн үнэ цэнтэй.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.