Амура: Өнөөдөр хэцүү байж магадгүй ч хүн чанараа битгий алдаарай

2023-11-07 17:32:00

Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Бид хөл хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотоос явж, Хөвсгөлд бизнес эрхлэн амьдрах болсон залуу үеийн төлөөлөлтэй холбогдож, ярилцлаа. 

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Л.Амартүвшин гэдэг. Хүмүүс Амура гэж дууддаг. Одоо 24 настай. Хөсвгөлд төрж өссөн. Оюутан болсноосоо хойш Улаанбаатарт амьдарч байгаад найз залуутайгаа сая 2022 оны өвөл нутагтаа ирж, бизнес эхлүүлэн ажиллаж амьдарч байгаа ийм хүн байна аа. 

-Яагаад Улаанбаатар хотоос явсан юм бэ. Стресстэй байсан юм уу? 

-Улаанбаатар хотоос явсан шалтгаан нь бидний хувьд орон сууцны асуудал эсвэл хөдөлмөр эрхлэлтийн асуудал байгаагүй. 

Манай гэр бүл хотод өөрсдийн гэсэн  орон сууцтай. Мөн сүүлийн 4 жилийн хугацаанд нэг компанидаа гүйцэтгэх ажилтнаас эхлэн удирдах албан тушаалд дэвшин ажиллаж байсан. Үүнийг дагаад цалин хангамж, ажиллах нөхцөлийн хувьд ч маш сайн байсан. 

Гэхдээ Улаанбаатар хотод нэгдүгээрт эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл байхгүй утаатай, үргэлж ханиадтай, ус, хөрсний бохирдол их, замын түгжрээнд хамаг цаг хугацаагаа үрдэг. Үүнээс шалтгаалаад гэр бүлдээ болоод өөртөө зарцуулах цаг маш бага. Мөн нийгмийн стресс маш их бөгөөд хүмүүсийн харилцаа хандлага муу маш ёс суртахуунгүй, соёлжоогүй. Жишээ нь орон нутагт байхгүй зөвхөн хотод байгаа үйлчилгээний газруудад очиж, өндөр үнэ төлж үйлчилгээ авсан ч шаардлага хангахгүй, ялгавартай ханддаг. Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар нь хэдэн кино театр бас бар, лоунж, хоолны газрууд л байна. Фитнессд явж, чөлөөтэй гүйж, дугуй унаж эсвэл сургалтанд суухын тулд дахиад л түгжирнэ, цаг нь амжихгүй. 

Ийм хотод аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарч чадахгүйгээс хойш гадагшаа явъя гэж бодсон. Гэхдээ гадагшаа яваагүй гэнэт л орон нутагт амьдрах шийдвэр гаргаад ирчихсэн.

-Хөдөө орон нутагт амьдрах шийдвэр гаргахад хэцүү байсан уу?

-Ажиллаж байх хугацаандаа өөрсдийнхөө хэмжээнд мөнгөө цуглуулж байсан учир гадагшаа явах боломж байсан. Гэхдээ бизнесийн санаа төрж ер нь өөрсдөө юм хийгээд бүтээгээд үзье гээд найз залуутайгаа ярилцаж шийдсэн. Тэгээд л орон нутагт илүү тохирох бизнес гэж харсан учир  Хөвсгөлд ирэхээр шийдсэн. 

Мэдээж төрсөн гэр маань Хөвсгөлд байсан ч залуу хосуудын хувьд тусдаа амьдаръя гэж бодсон. Байр түрээслэхээр хайж эхэлсэн ч санаснаас хамаагүй олдоц муу бас түрээсийн үнэ өндөр байсан юм л даа. Бизнес эхлүүлэх газрууд маань бас түрээс өндөр. Ер нь л санаснаас хамаагүй өртөг их байсан нь хэцүү санагдсан. Гэхдээ хүсэл мөрөөдөл, зорилго маань их байсан болохоор амьдрахаар шийдсэн.

Мөн хүмүүсийн нэг хандлага байдаг нь хотод амьдарч байгаа нь мундаг гоё, орон нутаг буюу хөдөө амьдардаг нь ажил олдохгүй дээ эсвэл чадваргүй муудаа гэдэг ч юм уу тийм зүйлээс жаахан санаа зовж байсан. Бусдаар бол хэцүү байгаагүй ээ.

-Төрж өссөн нутаг ч гэлээ тэндээ зүгээр нэг амрах гэж биш өөр зорилгоор очих мэдрэмж ямар байсан бэ?

-2014 онд оюутан болсон цагаасаа буюу 16 настайгаасаа хойш гэртээ нэг ч ирээгүй. 9 жил, 25 нас хүртлээ хотод амьдарсан болохоор гэр бүлээс өөр таних хүнгүй шинэ газар ирж байгаа юм шиг санагдсан. Ер нь бол өөрсдөө бүхнийг хэний ч тусламжгүйгээр хийх ёстой болсон л гэсэн үг.

-Одоо дассан уу. Хааяа уйдаж байна уу?

-Энд ер нь ихэнх газрууд нь эрт хаадаг. Залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй болохоор тийм үе байгаа. Гэхдээ ажлаа хийж дуусаад залуу хүмүүст цаг зав их гарч байгаа нь нэг талаараа бие даан гадаад хэл, шинэ зүйлс сурах маш том боломж. Эсвэл ойрхон салхинд гарч амжина. Цаг зав их байгаа нь байнга завгүй яарч амьдардаг байсан хүмүүсийн хувьд нэг сайхан гүнзгий амьсгал авч байгаа юм шиг гоё санагдаж байгаа.

-Залуус сурч, хөгжиж, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд юу хэрэгтэй санагдаж байна?

-Тэгээд л бүх зүйл шүү дээ. Ер нь хотод нь ч тийм зүйлүүд ховор, орон нутагт бүүр байхгүй. Тэгэхээр гоё гоё спорт заал, усан бассейн, сонирхлоороо нэгдэх төрөл бүрийн спортын клуб, олон төрлийн сургалтын газрууд, гэр бүлээрээ очих цогцолбор, үйлчилгээний газрууд гээд бүх зүйлс хэрэгтэй байгаа. 10 жилийн өмнөх үеэс орон сууцнууд нэмэгдэж, улсын хэдхэн барилга нь шинэчлэгдэж баригдсанаас өөрөөр хийсэн зүйл байхгүйг харах бас л гунигтай байсан.

-Орон нутагт бизнес эрхлэхэд хэр байна. Зах зээл жижиг шүү дээ?

-Ер нь бол тийм шүү. Зах зээл жижиг. Бизнес эрхлэгчид нь дараагийн бизнесийг нээхдээ эрсдэл хүлээж, шинэ соёл, шинэ зүйлийг нэвтрүүлье гэхээс илүүтэй байдаг л бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Хотын хойд захад байсан зүйлээ урд захад нь яг ижил нээгээд ашгаа олж байх хүсэлтэй юм шиг санагдсан. Энэ нь бас хөгжихгүй байгаа нэг шалтгаан болов уу. Үйлчилгээний газрууд нь цөөхөн хэдэн хүмүүсийн эзэмшилд байдаг учраас ямар ч зах зээл болон өрсөлдөөний хууль үйлчлэхгүй. Бас түрээс, бүтээгдэхүүний үнээ өөрсдийн хүслээр тогтооно. Энэ нь  эргээд хэрэглэгчдэд хохиролтой. Мөн шинээр эхлэж байгаа бидэн шиг залууст маш өндөр үнээр талбай түрээслээд бизнесээ эхэлнэ гэхээр бараг л боломжгүй. Ашгаа бүгдийг нь өгнө гэсэн үг. Олон санаа байсан ч энэ шалтгаанаар хойшилсоор байгаа. Шинэ зүйлийг нэвтрүүлж байгаа хүмүүс нь дандаа залуучууд байсан. Тэдний нэгэн адил бид ч гэсэн өөрсдийн боломжоороо эрсдэл хүлээгээд эхэлж байгаа. Бас хүмүүст нэг соёлыг суулгахаар хичээж байна. Хэрэглэгч мөнгөөрөө зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээ бус сэтгэл ханамж, чанар, сайхан харилцааг авч чаддаг байх ёстой. Ингэж л ажиллаж байна. Бизнес ёс суртахуунтай байх ёстой. Үнэ ханшаа зоргоороо тогтоогоод байж болохгүй. Тиймээс энэ бидний хувьд ашгаас илүү чухалчилж байгаа үзэл бодол, зорилго юм. 

-Зөвхөн хотод худалдаалдаг брэнд бүтээгдэхүүнүүдийг сонгосон байсан. Яагаад тэр брэндүүдийг сонгосон бэ?

-Хотод амьдарч байхдаа өөрсдийн худалдан авч байсан бүтээгдэхүүн дундаас хамгийн чанартай сайныг нь бодож, хүмүүс сэтгэл ханамжтай байж чадах бүтээгдэхүүнтэй брэнд, компаниудыг сонгохыг хичээсэн. Бас монгол брэндүүдээ сонгох нь нэгнээ дэмжиж  өөрсдийн зүгээс хийж чадах бодитой зүйл байх гэж бодоод Blu Clothing Studio, Goo brand, Ur Mine, Unigift зэрэг брэндүүдэд санал тавьсан. Мөн монгол брэнд биш ч Gentleroom брэнд бүтээгдэхүүний хувьд маш чанартай байдаг тул хүмүүст хүргэх ёстой гэж үзсэн. Ер нь бол чанаргүй үнэтэй, хямд янз бүрийн зүйлд мөнгөө үрж туршихаас илүүтэй чанартай, боломжийн үнэтэй зүйл сонгох нь хүмүүст байнга тулгардаг асуудал байх гэж харсан. Түүнийг өөрсдийн туршлага дээр үндэслэн шийдэхийг хичээсэн. Ингээд бид тухайн компаниуддаа санал тавин хамтарч ажиллахаар болсон. Хөвсгөлийн хүмүүс заавал хот руу очиж эсвэл онлайнаар захиалж тээврийн зардал төлөх шаардлагагүй.  Ямар нэгэн нэмэгдэлгүй дэлгүүр болон үйлдвэрийн үнээр нь манай дэлгүүрээс гэр бүлийн бүх гишүүддээ тохирох, хэрэгцээндээ нийцэх олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлж ажиллахаар зорьж байна.

Гэвч яг үнэндээ бид өөрсдөө тээврийн зардлаа шийднэ. Бас брэндүүдийн нэр хүндийг төлөөлж байгаа гэдэг утгаар түрээсээ бодож хямд газрыг биш үнэтэй төвдөө байдаг, орчин сайтай газар байя гэж шийдсэн. Мөн хүмүүс тав тухтай, сэтгэл хангалуун байгаасай гэж бодож, тавилга дэлгүүрээ багагүй зардал гаргаж тохижуулсан.

-Нутгийн иргэд яаж хүлээж авч байна?

Манай дэлгүүрийн хамгийн анхны үйлчлүүлэгчдийн ихэнх нь хүүхдүүд байсан. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж “Хөөх, ямар гоё юм бэ” гээд л энд тэндгүй уулга алдаад, нэгнийгээ дагуулж орж ирж харуулж байгаа нь ёстой хөөрхөн. Залуучууд ч бас сэтгэл хангалуун хүлээж авсан. Гэхдээ ихэнх нь бидний хүргэж буй бүтээгдэхүүн брэндүүдийн нэрийг нь сонссон төдий мэдэхгүй учир худалдан авахдаа эргэлзэнэ татгалзана. Харилцан ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чадахаараа ойлгуулж таниулахыг хичээдэг. Чанаргүй олон бүтээгдэхүүнд мөнгөө үрэхээс илүүтэй үр ашиг нь ийм гээд тайлбарлана. 

Бид үйлчлүүлэгчдээ өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө ёс зүйтэй, сэтгэл ханамжтай үйлчилгээг аваасай гэж хүсдэг. Бас хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж, өөрөө худалдан авч байна гэж бодон шударгаар зөвлөж сонголт хийхэд нь тусалдаг.

-Залуус хотдоо л шингэх дуртай байдаг. Орон нутагт ямар боломж байна?

-Хөдөлмөрч тууштай хүмүүст бол хаана ч боломж байдаг гэж бодож байна. Жишээ нь орон нутагт ямар ч төрлийн сургалтын үйл ажиллагаа эхлэхэд эрэлт хэрэгцээ их байгаа. Үнэхээр дутагдаж буй оновчтой хэрэгцээтэй, шинэ санааг хэрэгжүүлэхэд хөгжиж буй улсын хувьд орон нутаг бол таатай орчин гэж харж байгаа. 

-Залуус гадагшаа их явж байна. Юу гэж хардаг вэ. Хайран залуу нас ч гэлээ Монголд хэцүү байх шиг байна.

-Орон нутагт ирснээсээ хойш хэд хэдэн удаа гадагшаа явах тухай бодсон. Явж байгаа залуусын ч буруу биш. Бүгд юу хэцүү байгааг, нэг үгээр хэлвэл “Гутамшигтай” байгааг мэдэж байгаа. 

Гэхдээ би саяхан “Фантастик” продакшны киног үзээд нэг зүйл бодсон. Эх орон гэж юу юм бэ. Энэ уул, ус, хөшөө, баримал, түүх юм уу. Үзсэн хүмүүсийн хувьд мэдэж байгаа байх. Бага насандаа хятадуудад хулгайлагдаж монголын эсрэг тагнуул болохоор бэлтгэгдэж, олон ажиллагааг нь гүйцэтгэж байсан ч ээжтэйгээ ганцхан удаа уулзахын төлөө, өөрт нь юу ч өгч чадаагүй ч эх орноосоо зүрх сэтгэлдээ нэг ч удаа урваж байгаагүй, хэнд ч гомдоллоогүй тэр хүү миний хувьд эх орон байсан. Тийм мянга мянган зүрх, мянга мянган хүүхдүүд энд байгаа. Би өөрөө хүүхэдгүй ч надтай өдөр бүр тааралддаг тэр бяцхан хүүхдүүд аав ээжтэйгээ элэг бүтэн амьдраасай, сайн хүн болж өсөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тиймээс тэр хүүхдүүдийн төлөө би энд үлдмээр санагдсан. Уянгалах гэж биш яг л тэгж мэдэрсэн, бодсон болохоор шийдсэн.

-Залууст хандаж юу хэлэх вэ?

-Өнөөдөр хамгийн муухай, хамгийн хэцүү нийгэм байж магадгүй ч хүн чанараа битгий алдаарай. Хүмүүс шударга байгаад юунд хүрэх юм гэж хэлдэг ч хамгийн эцсийн мөчид ч шударга үнэн байж, их зүйлд хүрч болдгийг өөрсдөөрөө харуулаарай.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.