Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барих гэж буй аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ
2023-11-06 10:33:00
Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд УНТЭ-ийн урд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
2023 оны зургаадугаар сараас “Мөргөл Уул” ХХК “Бид өөрсдийн газар дээрээ барилга барина” гэж УНТЭ-т амаар мэдэгдсэн байна. УНТЭ нь 1000 гаруй ажилтан, албан хаагчтай, мөн амбулаториор өдөрт дунджаар 3000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээр иргэдийн гэр бүл ирдэг. Мөн АШУҮИС-ийн оюутнуудын суурь бааз тус эмнэлэг дээр ажилладаг. Тэгэхээр өдөрт дунджаар 5000-6000 хүний хөдөлгөөний эрчим, машины урсгал явагддаг гэсэн үг. 2019 оны зун нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто зогсоолын тохижилт хийсэн. Хэдийгээр эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьдаггүй ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй.
Эмнэлгийн зүгээс тус газрын асуудлаар НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, БХБЯ, ОБЕГ-т бичиг албан бичиг хүргүүлээд байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга тухайн газар эзэмшигч “Мөргөл Уул” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах, харилцан тохиролцох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.