ЦУОШГ: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
2023-11-02 11:36:00
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Үүнд:
Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст,
Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар,
Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
Цас орж, цасан шуурга шуурах нутгууд:
Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай.
Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих шөнө хангайн уулархаг нутаг болон Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 4-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.