ӨРИЙН ХАР ДЭВТЭР 1900 VS 2023 ОН
2023-10-31 11:55:00
GENG үе бүр тэрнээс дээш үеийнхний ч зөвхөн кинон дээрээс л хардаг байсан өрийн хар дэвтрийг одоо бодитоор харж болно. Хүнсний бүтээгдэхүүн элбэг дэлбэг болж цаг үе сайхан болсон ч ихэнх иргэдийн худалдан авах чадвар буурч хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч байна.
Томоос том зузаан дэвтэрт 300 грамм гурил, 2ш төмс, нэг ширхэг лууван, таташ гэх мэт наад захын өдөр тутмын л хүнсний бүтээгдэхүүн ярайн харагдана.
Цалин буугаад өрөө өгөөд дахиад зээлэх хэрэгтэй болно. Хоосон хонохгүйн тулд дэлгүүрийн худалдагч нарт халамжийн дэвтэр, гар утсаа барьж очин, жаал жуулхан хүнсний зүйлээ зээлээр авдаг байсан бол одоо энэ байдал давтагдсаар худалдагч, зээлдэгч нарын дунд итгэлцэл бий болжээ. Энэ мэт иргэд өрнөөс өрний хооронд хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөр амьдарч байна.
Манай сурвалжлах баг өнөөдөр Чингэлтэй, Баянгол дүүргийн хэд хэдэн дэлгүүрээр ороход орсон бүх дэлгүүрт 2023 оноос хойш иргэдийн өрийг бичсэн 2-3 зузаан дэвтэр харагдаж байлаа. Худалдагчид бүгд өрийн дэвтэр нээх нь худалдан авагч талаа ч өдрийн хоолтой хонуулж өөрсдөө ч ингэж байж л жижигхэн бизнесээ тогтвортой авч явж байгаа тухайгаа хэлж байв.
Нэг дэлгүүрт хамгийн доод талдаа 7 мянган төгрөгөөс 1 сая хүртэлх төгрөгийн өрийн жагсаалт байгаа бол зарим дэлгүүр нь лимит тогтоож эхэлжээ. Жишээлбэл, Нэг хүн сардаа 30 мянгаас дээш өр тавихгүй зэрэг дүрэм зохиожээ.
Эндээс харахад хятадын нэгэн худалдаачны хэлсэн “Монголчуудын өр гэдэг ер дуусашгүй зүйл. Өр нь үеийн үед ач гучдаа шилжиж байх зүйл. Аяа, Монголын өр гэгч юутай сайхан зүйл гээч” хэмээх үг дахин биеллээ олох нөхцөл бүрдчихэж гэж харж байна.
Манжийн дарлалын үед бол шилийн сайн эрчүүд шударга бус хууль цааз, харийн болон дотоодын шунахай этгээдүүдийн үгсэн хуйвалдсан луйвар, мөлжлөгийг эсэргүүцэн тэмцэж өрийн дансыг шатааж монголчуудыг гадаад, дотоодын мөлжлөгөөс чөлөөлсөн. Харин одоо бид яах вэ?
Эрх баригчид хэдэн их наядаар нь хулгайлж завшуулж байхад ядарсан иргэд нь өрнөөс өрний хооронд тал талх, үмх мах атга гурилаа зээлж идсээр байх юм уу? Шийдэл байна уу дарга нар аа...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.