Монгол цэргийн нэгдсэн холбоо “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д 1000 гаруй мод тарив
2023-10-16 14:18:00
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа Монгол цэргийн нэгдсэн холбооны “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д мод тарих арга хэмжээ 10 дугаар сарын 13-ны өдөр Хужирбулан дахь Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд болжээ.
Арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороод, МЦНХ-ны ажлын алба, Нэгдсэн монгол хөдөлгөөн, Бага дарга нарын холбоо, Зенитчдын холбоо, 1976 онд Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийг төгсөгчид, Ардын Армийн 282 дугаар ангийн онжавууд, Львов клубын хамт олон, Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийг 1988 онд төгссөн Улс төрийн курсын хамт олон, 1997 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг төгсөгч онжавууд, хурандаа Пүрэвзав асаны гэр бүлийн гишүүд зэрэг 300 гаруй хүн оролцож, 1000 гаруй мод тарилаа.
Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо Эх орончдын мөнх ногоон төгөлийн нээлт ирэх хавар болохыг дурдан, тус төгөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмад ажилтнууд, цэргийн андууд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд, цэргийн төрөл, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар мод тарих, байгууллага тус бүр өөрсдийн онцлог, түүх, чиг үүрэг, бахархлыг шингээсэн хөшөө, дурсгал, бүтээн байгуулалтыг хийж, цогцолбор эко ногоон төгөл бий болгох зорилт тавьсныг хэлж, хүрэлцэн ирж мод тарьж байгаа байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.