Хятадын гадаад худалдаа эрчээ хадгалж байна

2023-10-16 09:19:00

Саяхан Хятадын олон улсын 6 дахь импортын экспогийн үзмэрүүдийг ачсан "Хятад-Европын тээвэр-Импортын экспод" галт тэрэг Шанхайд ирлээ. Энэхүү 16 сая гаруй еврогийн үнэтэй 70 чингэлэн ачсан галт тэрэг нь Германы Дуйсбург хотоос хөдөлжээ. Ингэснээр хүсэн хүлээдэг Хятадын олон улсын импортын экспо хаянд ирлээ. Энэ нь мөн Хятадын гадаад худалдааны хөгжилд эрч хүч сэлбэж буйг харуулж байна. Үнэн хэрэгтээ, энэ оны эхний гурван улиралд, гадаад орчин ээдрээтэй, хүнд хэцүү, дотоодын олон бэрхшээл, сорилттой тулгарч байсан ч Хятадын гадаад худалдаа тогтвортой, эерэг хэвээр байна.

 

10-р сарын 13-ны өдөр нийтэлсэн Хятадын албан ёсны тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд Хятадын импорт экспортын нийт хэмжээ 30.8 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад үндсэндээ ижил түвшинд хүрсэн байна. Улирлуудын тоо баримтыг харвал, 1, 2, 3-р улиралд импорт, экспорт тус тус 9.72 их наяд, 10.29 их наяд, 10.79 их наяд юань болж, гадаад худалдааны цар хүрээ улирал тутамд нэмэгджээ. Эдгээрээс есдүгээр сард импорт, экспортын хэмжээ нэг сарын дотор шинэ дээд цэгтээ хүрсэн байна.

 

Одоогийн байдлаар, цахилгаан хөдөлгүүрт автомашин, лити батерей, нарны зай зэрэг нь Хятадын гадаад худалдааны шинэ нэрийн хуудас болоод байна. Эхний гурван улиралд, дээр дурдсан гурван бүтээгдэхүүний экспортын хэмжээ 798 тэрбум 990 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7%-иар өсч, Хятадын экспортод эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.3 нэгжээр нэмэгдэж, 4.5%-д хүрсэн байна. Энэ нь Хятадын гадаад худалдааг шинэ эрч хүчээр сэлбэлээ. Үүний зэрэгцээ Хятад улс гадаад худалдаанд таатай нөхцөл бүрдүүлэн, гадаадад илүү нээлттэй байдлыг дэмжсээр байна. "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсний арван жилийн ой энэ онд тохиож байна.

 

Энэ оны эхний гурван улиралд Хятадаас "Бүс ба зам" санаачилгад оролцогч улс орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ 14 их наяд 320 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1%-иар нэмэгдэж, импорт экспортын нийт үнийн дүнгийн 46.5%-ийг эзэлжээ. Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан Хятад болон "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулагч орнуудын худалдааны индекс 2013 онд 100 байсан бол, 2022 онд 165.4 болж өсчээ. "Бүс ба зам" төсөл нь худалдааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь ажиглагдаж байна.

 

Одоогийн байдлаар, дэлхийн эдийн засгийн сэргэлт асар их сорилттой тулгарч байна. Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагууд сүүлийн үед дэлхийн худалдааны хуваагдмал байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Хятадын гадаад худалдаанд тулгарч буй гадаад орчин ээдрээтэй, хүнд хэвээр байна. Хүнд хэцүү байх тусам урагшлах ёстой. Хятадын эдийн засаг цаашид сэргэж, бодлогын үр дүнтэй арга хэмжээнүүд хэрэгжсэнээр, импорт экспортын эерэг эрч хүчээ хадгалж, дэлхийн худалдаанд тогтвортой байдлыг үргэлжлүүлэн оруулах төлөвтэй байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.