Камертай байсан бол...

2023-10-06 12:11:00

12 настай охин сураггүй болоод гурав хонож байна. Охиныг машиндаа суулгаж авч явсан сэжигтэн баригдсан ч охин олдсонгүй. Эрлийн ажил үргэлжилсэн хэвээр.

Гадны улсад ганц унадаг дугуй хулгайд алдагдахад хулгайч гэртээ орохтой нь зэрэгцээд бариад авч байна. Энэ бол камержуулалт сайн байгаагийн тод жишээ. Хэрвээ Дорноговь аймгийн камержуулалт олигтой байсан бол өнөөдөр алга болсон охиныг хурдан хугацаанд олох боломжтой байв. Уг нь Дорноговь аймагт 2018 онд 300 саяар 39 цэгт 67 камер суурилуулсан байна.  Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллахаа больжээ. Таван сарын хугацаанд хэн ч үүнд анхаарал хандуулаагүй. Ер нь бол хэдэн зуун сая, тэрбумаар нь үрж, камер суурилууллаа гэж сүр дуулиан болчхоод түүнийг нь хянах, ажиллагаатай үгүйг нь шалгах хүнгүй, байсан ч шалгах сэтгэлгүйн балгаар хүүхэд гэмт хэргийн золиос болчихлоо. 

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард Д.Сэржмядаг охин алга болсон. Одоо 12 настай охин сураггүй алга болчихлоо. Энэ бол манай улсын удирдлагууд алдаанаасаа суралцдаггүйн илрэл.

1990 оноос хойш 33 жилийн хугацаанд сураггүй алга болоод олдоогүй 10 гаруй хүүхэд байна. Үүний цаана хэчнээн хүмүүсийн нулимс урсаж, сэтгэл нь шимширч, өдөр хоногийг аргацаан үүдээ ширтэн суугаа бол...

Өнөөдөр улсын хэмжээнд камержуулах шаардлагатай 30 мянган байршил байна. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хүний сайхан үрс алга болсны дараа л камер хэр чухал болохыг анзаарах ч гэж дээ. Гэхдээ одоо нэгэнт дуугарсных камержуулалтад онцгой анхаарч, ач холбогдол өгч, нүх сүв бүрийг камержуулах хэрэгтэй. 

Үгүй бол дахиад хэдэн хүүхэд алга болохыг тааж мэдэшгүй...


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.