Хүүхдэд хайргүй Монгол Улс
2023-10-20 12:11:00
Дайн дажингүй тунчиг энх, амгалан цагт бяцхан үрсүүд гэмтэж бэртэн амь насаа алдаж, зарим нь харгис гэмт хэргийн хохирогч болж байна.
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2022 оны 10 дугаар сард Ч.Маралмаа гэгч хоёр хүүхдийг ханатай хавсарч чирч, хүнд гэмтээсэн хэрэг гарч байв. 2023 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алдсан бол хичээлийн шинэ жил эхлээд 22хон хоноход улсын хэмжээнд 54 хүүхэд осолд өртжээ.
Есдүгээр сарын 21-ний өдөр Тахилтын IV буудлын орчимд гарцаар гарч байсан сурагчдыг хэнэггүй жолооч мөргөж нэгийг нь хүнд гэмтээж, нөгөөгийнх нь амийг бүрэлгэсэн. Тэд ердөө л 12, 13 настай байсан. Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн хайрлаж өсгөсөн цэцэгс.
Тахилтын зам тээврийн ослоос дөрөвхөн өдрийн дараа буюу есдүгээр сарын 25-ны өдөр 7 настай хүүгийн цогцос дэрсэн дундаас олдсон. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр битүү доргилтын улмаас уушги нь бяцарч, бөөрний хальсны цус хуралт, чацархайн цус хуралт зэрэг гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж, нас барсан гэсэн мэдээлэл байгаа. Хэрэгт талийгаач хүүгийн хойд эцгийг сэжигтнээр татаж, шалгаж буй.
Мөн аравдугаар сарын 01-ний өдөр 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, нас алдаад ганцхан хонож байхад дахин 5 болон 7 настай охид цонхоороо хөл алдан унаж, амь насаа алдсан.
Харин хоёрхон хоногийн өмнө 12 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болчихлоо. Харамсалтай хэргүүд гарсаар, гаарсаар...
Манай улсын хууль дүрэм журам сул байгаа учраас хүүхдүүд аюулд өртсөөр байна. Ч.Маралмаа гэгчид шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял оноосон. Ийм л хуультай учраас согтуу, хөлчүү жолоочид зам дээр дураараа дургиж, эцэст нь хүний хайрлаж өсгөсөн цэцэгсийн амийг тасдаж байна.
Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн төлөөх түм буман байгууллага байдаг. Хорооны хамтарсан баг хүртэл бий. Гэвч тэд ажлаа хийдэггүй. Эрсдэлтэй айл өрхийг тодорхойлж, тэдэнд анхаарал хандуулж, эргэж тойрч, урьдчилан сэргийлэх ёстой хүмүүс атал бүх зүйл болоод дууссаны дараа л сая нэг дуугардаг. Эсвэл ноцтой хэрэг гарлаа гээд цахим хуудсаараа шуугиад л өнгөрдөг.
Хүүхдүүд хайр халамжинд умбахгүй юмаа гэхэд амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөх эрхтэй. Гэвч өнөөдөр төр энэ эрхийг хангахын төлөө юу хийсэн бэ. Хүүхэд гэмтэж, бэртэж, амь насаа алдахад эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байна гэдэг. Гэвч одоогийн нийгэмд эцэг эхчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаарддаг дэндүү харгис нийгэм.
Хэрвээ өнөөдөр төр зөв бодлого тодорхойлж, түүнийг хүүхдийн төлөөх бүх шатны байгууллага чанартай хэрэгжүүлдэг байсан бол ийм олон хүүхэд харамсалтайгаар амь насаа алдахгүй байлаа. Сандал суудал булаацалдаж суухын оронд хүүхдүүдийнхээ асуудалд анхаарлаа хандуулаач төр засаг минь...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.