Ногоон автобусны “ГУРВАН” балаг
2023-10-04 10:43:00
Улаанбаатарын иргэд өвлөөс өмнө дулаахан тохилог шинэ автобустай боллоо хэмээн баярлаж байсан нь саяхан. Гэвч зүгээр л гэнэн мөрөөдөл байж. Болж өнгөрсөн үйл явдлын тухай дахин дурдах илүүц биз. Автобусны парк шинэчлэл хийх явцад процессын алдаа гаргасандаа уучлал хүсэж Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар огцрох хүсэлтээ өгсөн. Гэвч тус хэрэг нь зөвхөн сайд дарга нар хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш. Тиймээс энэ дуулиант үйл явдал Монгол Улсад, ард иргэдэд ямар балаг учруулсан талаарх цөөн хэдэн жишээг дурдъя.
НЭГ. Монголыг хуурав уу, монголчууд нэгнээ хуурав уу?
Монголын нөхцөлд тохируулан тусгайлан үйлдвэрлүүлсэн гэх ногоон автобус нь үйлдвэрийн бус аргаар 1993 оны рам дээр угсарсан, арлын дугаар хуурамч, кассетны хөгжимтэй, кузов ханзарч цуурсан зэрэг тоочвол ичмээр олон алдаатай. Дарга нарын хэлж буйгаар бид шинэ автобус гэж бодсон ч шинэ биш байж гэнэ. Нөгөө тал нь бид шинэ автобус явуулсан ч ногоон будаг нь стандартынх биш гэж мэхийн уучлалт гуйв. Аль нь ч байсан энэ бол олон улсад шившигтэй үйл явдал. Стандартад нийцэхгүй автобус манай улсын хил гаалиар ямар ч асуудалгүй нэвтэрч, үйлчилгээнд явах гэж байсан нь Монгол улсын хил гааль, тээвэр, засаг төр нь бүхэлдээ маапаантай гэдгийг тод томруунаар харууллаа. Дарга нарын балгийг нууж, өрийг нь дарах гэж ард иргэд татварын дарамтанд орно. Гэтэл дарга нар мэхийн ёслож уучлал гуйсан болоод хариуцлага үүрч огцорсон сайн хүний дүрд тоглоод өнгөрнө. Үр дүнд нь халаас нь улам түнтийж, илүү тав тухтай хүсэл сонирхолдоо нийцсэн зөөлөн сэнтийд дахин тухална. Энэ хойгуур хөөрхий улны бид хулгай дээрмийнх нь балгаар гэртээ ч орох завгүй.
ХОЁР. Автобус ч үгүй, дарга ч үгүй, мөнгө ч үгүй
Ногоон автобусны худалдан авах нийт үнэ 318 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 272 тэрбумыг энэ жилийн төсвөөр санхүүжүүлнэ. Автобус тус бүрийн үнэ 336 сая гэх ч яг үнэндээ 1.9 мянган доллар буюу 7 сая төгрөгөөр акталсан төмрийн хаягдал авсан байж. Хүн өөртөө ганц гутал авсан ч аль шинэ гялтгар, чанартай эсэхийг нь хардаг биш бил үү. Төсвийн мөнгөөр юу ч авсан яахав гэсэн төрийн албаныхны муухай зан үеийн үед үргэлжилсээр. Даргатай ч байсан, мөнгөтэй ч байсан монголчууд автобустай болох гэтэл аль аль нь алга болчихлоо. Үлгэр жаргав.
ГУРАВ. Үнэт цаг хугацаа
Зөгнөлт кино зохиолд цаг хугацааг ухрааж эсвэл ирээдүйгээр аялах боломжтой ч бодит амьдрал дээр цаг хугацаа гэдэг бол яаж ч болдоггүй зүйл. Одоо хоёрхон сарын дараа дүн өвөл болно. Ногоон автобусны хэрэгт хэн оролцсон, хэн ямар хариуцлага үүрч, хохирлыг хэн барагдуулахыг мэдэх гэж будилах зуурт хөөрхий монголчууд бид элэгдэл хорогдол ихтэй, тохь тух муутай, зарим нь бүүр ашиглалтын хугацаа дууссан автобусаараа зорчино. Дахиад шинэ автобус авах хүртэл их ч ажил өрнөнө дөө. Гэтэл цаг хугацаа биднийг хүлээхгүй.
Ногоон автобусны эл хэрэг зөвхөн иргэдийг ая тухтай зорчихтой холбоотой асуудал биш. Ард иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой. Хар зам дээрээ шатаад дуусчихдаг автобусаар иргэд зорчиж байгаа нь хамгийн ноцтой асуудал. Ямартай ч одоо ногоон автобусны хэрэгт оролцсон хүмүүст зохих хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг нь огцрох тухай асуудал биш гэдгийг хэн хүнгүй мэдэж буй биз ээ. Харин дараа нь парк шинэчлэлээ яаравчлахгүй бол хэдэн автобуснууд чинь салж унах дөхсөн байгаа шүү дээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.