Бороо, шороон шуурганы улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 57 сумыг эрчим хүчинд холбожээ
2023-08-16 10:54:00
Энэ сарын 13-ны 22:40-23:10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур таван ширхэг төмөр бетон хугарчээ. Уг гэмтлийн улмаас долоон аймаг, 57 сумын 45,320 хэрэглэгч, 5,256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчгүй болоод байв.
Гэмтлийг сэргээн засварлах ажлыг 2023 оны наймдугаар сарын 14-ний 06:37 цагаас наймдугаар сарын 15-ны 17:34 цагийн хооронд "ЦДҮС" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж, айл өрх, ААН-үүдийн цахилгааныг холболоо.
43 цаг ажиллаж, хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холболоо хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.