Сургууль, цэцэрлэгүүдийн дулаан алдалтыг бууруулах цогц ажил хийгдэж байна
2023-08-14 14:17:00
Өнгөрөгч Баасан, Бямба гарагт буюу 8-р сарын 11, 12-нд Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох болон бусад албан холбогдох албан тушаалтнууд Налайх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт ажиллаж, "Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн хүрээнд хийгдэж буй Ерөнхий Боловсролын сургууль болон цэцэрлэгийн дулаалга, засварын ажлын үр дүнтэй танилцсан юм.
8-р сарын 11-нд Налайх дүүргийн 151-р цэцэрлэгийн дулаалга, засварын ажлын үр дүнтэй танилцан, Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө ихэд сайшаан, “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл" бол нийслэлд хэрэгжиж буй төслүүдээс хамгийн амжилттай хэрэгжиж буй, хамгийн үр дүнтэй төсөл” гэж онцлов.
8-р сарын 12-нд Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох болон бусад албан холбогдох албан тушаалтнууд Чингэлтэй дүүрэгт ажилласан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын Орлогч З.Төмөртөмөө: “Чингэлтэй дүүргийн 57, 39 дүгээр сургуулийн барилгууд бол 1974, 1979 онд баригдсан. Мөн 39-р сургуулийн хувьд 2 мянга орчим хүүхэдтэй, дүүргийн 9, 10 дугаар хорооны гэр хорооллын гол ачааллыг авч байгаа сургууль. 57 дугаар сургууль ч мөн ачаалал ихтэй. Энэ хоёр том сургуулийн барилгыг засаж, цонхыг нь бүрэн солин, дээврийг нь янзалж дулаан алдагдлыг нь бууруулах ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хийж, олон мянган хүүхдүүдийн суралцах орчныг ая тухтай болгож байгаадаа туйлын баяртай байна. Энэ бүхэн бол манай нийслэл Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслөөс хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд юм. Цаашдаа ч нийгмийн дэд бүтцийн барилгууд үргэлжлэн ашиглалтад орох болно.
9-р сараас өмнө бид сургууль, цэцэрлэгийн барилгуудыг бүрэн дуусгаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангана аа гэсэн үг. Багш нар ч их баяртай байна. 9-р сард хүүхдүүдээ сургууль нь танигдахын аргагүй сайхан өнгө үзэмжтэй, шинэчлэгдсэн байдалтай угтана. Хүүхдүүд хичээлээ хийхэд ч гэсэн урам зоригтой сайхан байх болов уу гэж бодож байна.
Сургуулийн орчин хаана ч адилхан байх ёстой. Хотын төвийн сургууль, гэр хорооллын сургууль хоёр адилхан л байх ёстой. Хүүхдүүд сайхан орчинд л сурч боловсрох хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхлэхэд одоо 20 гаруйхан хоног үлдчихсэн байна. Хичээл эхлэхээс өмнө бид нарн нэн түрүүнд сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийн барилгуудынхаа дулаалга, засварын асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. Дараагийн удаад бид нар зарим сургууль, цэцэрлэгийг төвийн дулааны шугамд холбож байгаа. Өөрөөр хэлбэл уурын зуухнуудыг л бид нар багасгах, байхгүй болгох хэрэгтэй. Ирэх жил гэхэд 57 дугаар сургуулийг төвийн дулаанд холбохыг зорьж ажиллаж байна. Өнгөрсөн жил 83 дугаар цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбосон. Одоо ямар нэгэн уурын зуух байхгүй. Газрын гүний дулааны шинэ технологиор амжилттай халаад явж байна. “ гэсэн юм.
Харин "Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн зохицуулагч Н.Баяртогтох: “Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль ашиглалтад орсоноосоо хойш 50 гаран жил болчихсон, нилээн хуучирсан, дулаан алдагдал маш өндөртэй болчихсон байсан. Мөн маш олон гэр хорооллын хүүхдүүд хамрагддаг, ачааллаасаа хоёр дахин их хүүхэд суралцдаг. Түүнчлэн саяхан төвийн шугамд холбогдсон учраас сургуулийн байшинг нь дулаалж байж бүрэн утгаараа эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой болж байгаа. Ийнхүү дулаан алдагдлыг бууруулснаар гол нь төсөв дээр хэмнэлт гарах юм. Тодруулбал хуучин уурын зууханд 20- 30 сая төгрөг төлдөг байсан бол одоо 14-15 сая төгрөг болж буурч, бодитой хэмнэлт гарч байгаа.Төслийн хүрээнд сургуулийн гадна талын фасад, цонхнууд бүрэн шинэчлэгдэж байна. Мөн суурийн дулаалга хийгдэж, дулаан алдалттай холбоотой асуудал иж бүрнээрээ хийгдчихсэн учраас хүүхдүүд маань тавтай тухтай сайхан орчинд одоо сурч хүмүүжих боломжтой болж байгаа.” гэв.
Харин Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р дунд сургуулийн захирал О.Бөхчулуун: “Манай сургууль 1969 онд баригдсан 54 жилийн настай барилга. Тиймээс дулаан алдагдал ихтэй, 1 дүгээр давхарт байрлах ангийн сурагчид өвөл идэр 9-ийн хүйтэнд гадуур хувцастай сурч хичээллэх тохиолдол ч гардаг байсан. Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөлд хамрагдсандаа баяртай байна. Ингээд сурагчдын сурах орчин дулаан болно гэдэг маань мэдээж сурлагын чанарт нөлөөлнө, сурагчдын, багш ажиллагсдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.” гэлээ.
М.Чой
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.