Хагас коксожсон нүүрсний туршилтыг "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрт хийлээ

2023-08-11 14:31:00

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 177 гаруй тэрбум төгрөгийг зарцуулах болсон талаар Эрчим хүчний яамнаас НИТХ-д танилцуулсан.  Ингэхдээ нийт 108.2 мянган тонн хагас коксожсон нүүрсний түүхий эдийг Улаанбаатарт оруулж ирж үйлдвэрлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд түлж үзэх юм. 

Тэгвэл хагас коксожсон нүүрсний туршилтыг "Таван толгой түлш" ХХК-ийн түлшний үйлдвэрт өчигдөр танилцууллаа. 

Хагас коксоор шахмал түлш ажлыг судлах ажлын хэсгийг хоёрдугаар сард байгуулжээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын Шанси мужийн хагас коксын шахмал түлшний үйлдвэрээр орж туршлага судалсан байна. Мөн тэндээс 80 тонн түүхий эдийг авч ирж Тавантолгой түлш ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглан шахмал түлш үйлдвэрлэжээ. Үүнийгээ магадлан итгэмжлэгдсэн лабораторит өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Шинжилгээгээр мидлингээр хийсэн түлшээс дэгдэмхий бодист 56 хувиар, хүхэр 40 гаруй хувиар, угаарын хий 10 гаруй хувиар, илчлэг нь илүү нь батлагдсан байна. Тэрчлэн айл өрхүүдэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтаар галлаж үзжээ. Нийтдээ 97 удаагийн механик туршилт буюу галлагааг хийж үзсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Хагас коксын түлшийг туршихаас гадна гал асаагч бүтээгдэхүүнийг давхар туршсан байна. Тухайлбал, дотоодын үйлдвэрүүдийн хийж байгаа модны үртэс, өөх тосны багсармалтай бүтээгдэхүүн, хагас кокс асаагч зориулалтын цахилгаан асаагч зэргийг туршиж үзсэн байна. Ингээд хагас коксоор хийсэн шахмал түлшийг ид хүйтэн буюу ирэх арванхоёрдугаар сарын дунд үеэр нэгдүгээр сарыг дуустал Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 45 хоног ашиглахаар болоод байгаа юм. 

Дээрх хагас коксын түлшийг хийхийн тулд БНХАУ-аас хагас коксын түүхий эдийг авч аравдугаар сараас эхлэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэхээр тооцоолсон гэв. Хэрэв дээрх 45 хоногийн хугацаанд утаа 50 хувиар багасаж үр дүнгээ өгвөл ирэх оноос Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барьж хүрэн нүүрснээс кокс ялгаж авах юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.