Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Чу Донгиутай уулзав
2023-07-28 10:10:00
Ром хотноо болж буй Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт (UN Food Systems Summit+2 Stocktaking Moment)-ын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, түүнийг НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлаар улиран томилогдсонд баяр хүргэв.
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал“, “Тэр бум мод“ санаачилга болон Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг үндэсний хөгжлийн зорилтуудыг нягт уялдуулан эрүүл хүнс эрүүл хүний төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах нөөц бололцоо байгааг хэлэв.
Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн олон сая хүний хүнсний аюулгүй байдал, амьжиргааны баталгаа болж байгаа тул Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг энэ асуудалд хандуулах үүднээс Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад хүлээн авч, зохион байгуулахаар болсныг онцлов.
Талууд Монгол Улс санаачилж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар батлуулсан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” (International Year of Rangelands and Pastoralists, 2026) тогтоолын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чу Донгиу НҮБ, түүний системийн байгууллагуудтай Монгол Улс нягт хамтран ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлж, Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчийн газрын ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. НҮБ-ын ХХААБ-нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Монгол Улс НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.