Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М нь Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгагдаж байна
2023-06-06 10:14:00
БНСУ-ын Чэжү хотод болсон урлагийн наадамд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаныг БНСУ-ын КBS телевиз мэдээлээд байгаа юм.
Тодруулбал, "Зургаадугаар сарын 4-ний өглөө үүрээр Чежү хотын нэгэн буудалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч "М"-г бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилсан байна. Иргэн "М" нь арга хэмжээний үеэр болсон бүжгийн тоглолтын дараа бүжгийн хамтлагийнхантай архи ууж байгаад, орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгагдаж байгаа юм. Хохирогч тухайн үед өрөөнөөсөө гарч, буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд яаралтай цагдаа дуудсан байна.
Түүний хувьд мөрдөн байцаалтын үеэр зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолын хүрээнд шалгах явцад хэргийг үгүйсгэсэн гэж мэдэгдсэн байна" хэмээн мэдээлжээ.
Гадаад харилцааны яамнаас уг асуудлаар тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг шалгагдаж байгаа тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.