Хорих ангид эхнэрийнхээ амийг хохироож, өөрийгөө боомилсон хэрэгт шинжээч эмч томилон шалгаж байна
2023-05-25 11:07:00
Тавдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар хорих ангид эргэлтээр очсон эхнэртэйгээ хамт хүмүүжигч нас барсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Уг хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ-ын эх сурвалж "Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 23-ны 09:55 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн байранд “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус хорих ангид ял эдэлж байсан 31 настай М нь хуульд заасан 24 цагийн хугацаагаар эргэлтээр ирсэн эхнэр 26 настай М-ийн амь насыг хохироож, улмаар өөрийгөө боомилж, нас барсан үйлдэлд шинжээч эмчийг томилон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.
ШШГЕГ-аас хорих ангийн удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй хэмээн мэдээлсэн юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.