Ш.Майбаяр: Нислэгийн удирдагчаар 27 ажиллаад нийт САЯ гаруй онгоц хөөргөж, буулгасан байна

2023-05-25 09:12:00

Тэртээх 1925 оны 05-р сарын 25-ны энэ өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Монголын нисэх хүчний түүх эхэлсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан монголын нисэх хүчинд өөрийн түүхээ 31 жил бичиж яваа Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа нислэг хөдөлгөөн үйлчилгээний албаны багш, нислэгийн удирдагч Ш.Майбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе?. Агаар тэнгэрийн уудам орон зайд холын газрыг товчилж, хүмүүний цагийг хэмнэсэн нэгэн гайхамшигт бүтээл бол нисэх онгоц байдаг. Түүнийг удирдан жолоодож хүссэн газарт аюулгүй хүргэх үүрэгтэй олон мэргэжил байдгийн нэг нь нислэгийн удирдагч юм. Та яагаад нислэгийн удирдагч мэргэжлийг сонгох болсон бэ?

- Хүүхэд байхдаа нислэгийн удирдагч гэдэг мэргэжлийг огт мэддэггүй байлаа. Гэхдээ аав, ээж  хоёр минь нисэхэд ажилладаг, нисэхийн хүмүүс байсан учир отгон хүүгийн хувьд нисэхийн удмыг таслалгүй, залгамжлан авч явъя гэж зориглон шийдэж байсан. Ийнхүү хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөж, 1996 онд ОХУ-д нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахаар зориг шулуудан шалгалт өгөөд тэнцэж байв. Тухайн үед шалгалт өгч тэнцсэн өөрөөрөө маш их бахархаж, одоо ч баярлаж явдаг даа.

Нийт 125 хүүхэд шалгалт өгснөөс ердөө 20 хүүхэд л тэнцсэн. Маш өндөр шалгууртай байсан учраас унасан ч яахав гэж өөрийгөө зоригжуулж байв. Тухайн үед аав, ээж хоёр минь бурхан болсон байсан хэдий ч ах минь маш их сэтгэлийн дэм өгч зоригжуулж байсан юм. Шалгалтандаа тэнцээд гараад ирэх мөчид үнэхээр өөртөө итгэж чадаагүй, маш их баяртай байсан. Тэр өдөр өнөөдөр л юм шиг тод санагдаж байна.

- Мэргэжлээ сонгоход яг юу нөлөөлсөн бэ. Аав, ээж, гэр бүл, хүүхэд байх үеийн дурсамж бий юу?

-Би иргэний нисэхийн системд орж ажиллаад нийт 31 жил болсон байна. Хамгийн анх 1992 онд “Чингис хаан олон улсын” нисэх буудалд мэдээллийн ажилтан мэргэжлээр ажилд орж байв. Тухайн үед мэдээллийн ажилтан болон цахилгаанчин гэсэн хоёр мэргэжлээр зэрэг ажиллаж байгаад хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ОХУ-ын Красноярск хотод нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахаар явсан.

Өөрийн нэг түүхээ хуваалцъя. Би хүүхэд байхдаа аав, ээж хоёрынхоо ажил дээр маш их очдог байлаа. Тухайн үед том болоод нисгэгч болно гэж мөрөөддөг байв. Тэгээд аавдаа би нисгэгч болно, та намайг шалгаад өг гэж хэлсэн. Аав ажил дээр нь байдаг эргэдэг сандал дээр намайг суулгад эргүүлэв. Гэтэл миний толгой эргээд бууж ирсэн. Харин аав минь надад маш эелдгээр хүү минь онгоц маш өндөрт хөөрдөг, тэгэхээр миний хүү нисгэгч болж чадахгүй юм байна, толгой чинь өвдөнө гэж хэлж байв. Одоо эргээд бодоход аавын хэлсэн үг үнэн байсан.

Гэхдээ нисгэгч агаар дээр нисэж байхад, нислэгийн удирдагч цамхаг дээрээс тухайн нислэгийг хөөргөж буулгаж байдаг. Тэгэхээр нисгэгч, нислэгийн удирдагч хоёр хоорондоо салшгүй, нэг нь агаар дээр, нөгөө нь газраас нислэгийг удирддаг. Иймд би нислэгийн удирдагч мэргэжлээрээ маш их бахархдаг.  Уг мэргэжлийг сонгсондоо баярлаж явдаг.

–Ажлын гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?

-1992 онд том хүүгээ төрсний дараа гэр бүлээ тэжээж, амьдралаа авч явахын тулд анхны ажлын гараагаа галчаас эхэлж байв. Галчаас мэдээллийн ажилтан, цахилгаанчин, нислэгийн удирдагч, багш гээд өнөөдрийг хүртэл 31 жилийн турш иргэний нисэхийн системтэй амьдралаа холбосон байна.

-Сонгосон мэргэжлээрээ ажиллахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Тухайн үед сургуулиа төгсөж ирээд, нислэгийн удирдагч яг ямар ажил хийдэг, хэчнээн өндөр хариуцлагатай алба болохыг үнэндээ мэдээгүй байсан. Ингээд өөрөө бие дааж нислэг удирдаж эхэлсэн, маш өндөр хариуцлагатай, хэдэн зуун хүний амь насыг аварч байдаг ажил болохыг ойлгож, мэдсэн. Тийм ч учраас баг хамт олон болон өөрөөрөө маш их бахархах сэтгэгдэл төрдөг. 

-Нисгэгч онгоцыг хөөргөж газардуулдаг бол нислэгийн удирдагч яг ямар үүргийг гүйцэтгэдэг юм бэ? 

-Нисгэгч, нислэгийн удирдагч хоёр салшгүй холбоотой хүмүүс. Нислэгийн удирдагч газар дээрээс онгоцыг хөөргөх, буулгах, хурд нэмэх, хасах хөдөлгөөний бүхий л аюулгүй байдлыг хангахад зөвлөж, чиглүүлж байдаг. Нислэг бүрийн ард маш олон хүний амь нас аварч байдаг ажил. Иймд нислэгийн удирдагчийн үг бараг зарлиг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Нислэгийн удирдагч гэдэг мэргэжил өөрөө маш хүнд, стресс ихтэй хариуцлагатай ажил. Ганц ч хором анхаарал сарниж болохгүй, маш нарийн мэргэжил юм. Нэг үг буруу хэлснээс болж онгоц давж суух, салхи буруу хэлснээс болж онгоц хоёрт гарах буюу буцаж хөөрөх гэх жишээний маш өндөр эрсдэлтэй. Үг, үйлдэл, сэтгэхүйн хурд, ур чадвар, сонор сэрэмж маш их шаарддаг ажил.

-Онгоц хөөрөхийн өмнө нисгэгч зурвасыг тойроод яваад байдаг. Энэ нь нисгэгч, нислэгийн удирдагчаас зөвшөөрөл хүлээгээд байдаг юм уу?

-Нэг онгоц хөөрөх гэж байгаа тохиолдолд өөр нэг онгоц бууж байдаг. Буулгах гэж байгаа онгоцоо хаагуур явуулах, аль талаар зурвасыг чөлөөлөх, дараагийн онгоцыг хэрхэн хөөргөх гэх мэт нислэгийн удирдагчийн хэлсэн үгнээс бүх зүйл шалтгаалдаг. Иймд нислэгийн удирдагчийн зааврын дагуу тухайн онгоц тойрог хийн газраар явдаг гэсэн үг.  

-Нислэгийн удирдагч олон төрөл бий юу. Нислэгийн хөдөлгөөнөөс шалтгаалан

-Иргэний нисэхийн хөдөлгөөний нисэх үйлчилгээний алба дотроо найман хэсэгтэй. Нисэхийн удирдагч бүр дотроо ангилагдана. Тухайлбал бүсийн нислэгийн удирдагч, бүсийн ахлах нислэгийн удирдагч, цамхагийн нислэгийн удирдагч, цамхагийн ерөнхий ахлах нислэгийн удирдагч, зохицуулалтын нислэгийн удирдагч, нисэхийн мэдээллийн ажилтан гэх мэт дотроо олон ангилал, зэрэглэлтэй байдаг. Бүгд өөр, өөрийн гэсэн үүрэг, хариуцлагатай. Цамхагийн нислэгийн удирдагч бүс рүүгээ орж ажиллахгүй. Зөвхөн цамхаг дээрээ хөөрч, бууж байгаа онгоцоо удирдана. Харин бүсийн нислэгийн удирдагчид цамхаг руу гарч болохгүй. Заавал зэрэглэлийг нь авч байж гардаг. Дотроо маш нарийн зохион байгуулалт, уялдаа холбоотой байна. 

-Нислэгийн удирдагчаас ажлын байран дээр хамгийн их шаардагддаг зүйл нь юу байдаг вэ?

-Нислэгийн удирдагчид ажлын дүрэмтэй байдаг. Өглөө ажилдаа ирээд ээлж хүлээж авахаас эхлээд нислэгтэйгээ танилцах, хэдэн онгоц хөөргөж, буулгах урьдчилсан төлөвлөгөөг гаргана. Үүний дараа хэдэн цагт хамгийн өндөр ачаалалтай байх хуваарилалт хийдэг.

Өдөрт дунджаар 50-60 онгоц хөөргөж, буулгана гэдэг маш хүнд, ур чадвар шаарддаг. Их нарийн, төвөгтэй мэргэжил учраас стресстэх нь элбэг. Иймд нислэгийн удирдагчид цагаа маш нарийн төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал хэдэн цагт хооллох, хэдэн цагт амрах зэргээ бүгдийг нарийн зохицуулах ёстой. Хэрвээ цаг ашиглалтыг бүрэн дүүрэн хийж, нарийн тооцоолж чадвал тухайн хүнд ажлын ачаалал, стресс үүсэхгүй. Үүнийг шавь нартаа, ээлжийн ажилчдадаа байнга захиж хэлдэг дээ.

-Өндөр хариуцлагатай нарийн мэргэжил учраас ажилчид тогтмол шалгалт өгдөг үү. Зэргээ яаж хамгаалдаг вэ?

-Мэдээж шүү дээ. Байнгын сургалттай. Улиралд заавал нэг удаа мэргэжлээ бататгах сургалтад хамрагддаг. Гадаадын улсуудад ч сургалтад явна. Ингэж байж тухайн үед ажиллахдаа өөрийгөө бэлддэг.

-Нислэгийн удирдагч гэдэг маш их стресттэй бас өндөр хариуцлагатай ажил мэргэжил, тэгэхээр та нэлээдгүй стрестдэг байх. Стресс, ажлын ачааллаа хэрхэн даван туулдаг вэ?

- Дэлхийн хамгийн стресттэй топ 10 мэргэжилд нислэгийн удирдагч багтсан байдаг. Тодруулбал, эхний тавдугаар байрт эрэмбэлэгддэг. Нислэгийн удирдагчдын толгой оргил ачааллын үед маш их өвддөг. Онгоцоо хаана буулгах уу, хаана хүлээлгэх үү гээд маш нарийн бодож төлөвлөнө. Тийм ч учраас дэлхийн топ 10 т багтаж орсон байх. Гэхдээ ээлжээ хүлээж авахдаа хэчнээн нислэг дамжин өнгөрөхийг зөв тооцоолж, аль үед нь ачаалал авахаа мэдсэн тохиолдолд хүндрэл бараг гарахгүй ээ.

Нэг ээлж зургаан цаг ажиллах ёстой. Хоорондоо тогтмол солигдохгүй бол нэг хүнд очих ачаалал нэмэгдэнэ. Үүнээс үүдэн биеэ амрааж чадаагүй нислэгийн удирдагч ачаалал авч, эрсдэл бий болно. 

-Нислэгийн удирдагчаар ажилласан 27 жилийн хугацаанд онцгой тохиолдол олон гарч байсан байх. Танд хамгийн их бодогдож явдаг дурсамж бий юу?

-Тийм тохиолдол олон байлгүй яах вэ. Тухайлбал намайг 2002 онд Хэнтий аймагт ажиллаж байхад Ю-12 гээд онгоц Сүхбаатараас-Улаанбаатар чиглэлд нисэж явахдаа салон дотор нь гал гарсан юм. Уг онгоцонд нисгэгчтэйгээ нийлээд нийт 18 хүн явж байсан. Миний хувьд хүлээсэн үүргийн дагуу яаралтай арга хэмжээ авч онгоцыг нэн даруй газардуулсан. Эмнэлэг, онцгой бүгдийг нь дуудаж, бэлэн байдлыг бүрэн хангаад хүмүүсийг онгоцноос буулгасан. Онгоцноос бууж ирсэн хүмүүс шууд л газар тэврээд уйлж байгааг хараад маш их гайхаж, бас өөрөөрөө бахархаж байсан юм. Тухайн онгоцны хувьд агааржуулагчийг нь залгах гэж байсан утас нь масслаад онгоцон дотор нь битүү утаа болж, гал гарсан юм байна лээ.

Үүний дараа Ю-12 онгоцны нисгэгчтэй таарсан Ш.Майбаяраа онгоцны зорчигчид нэг талдаа гарсан байсныг чи цаг алдалгүй хэлсэн учир аюулгүй газардаж чадсан шүү. Хэрвээ чи тухайн үед хэлээгүй бол маш эвгүй газардах байсан гэж баярлаад ярьж байсан юм. Миний хувьд ослоос үүдэн айж, сандарсан зорчигчид нэг талдаа гарсан байж болзошгүй, хойшоо салоноо харахыг нисгэгчид анхааруулсан. Тухайн үед би нисгэгчдээ ч баярлаж, нисгэгч маань ч надад баярлаад салж байв. Нисгэгч, нислэгийн удирдагч хоёрын хамтын ажиллагаа тэндээ л байдаг юм байна лээ.

Бас нэг тохиолдол нь Оюутолгойд ажиллаж байх үед болсон юм. Оюутолгой монгол улсдаа нислэгээрээ хоёрт ордог, ачаалал ихтэй. Тухайн үед шороон зурвастай байв. Монголд шороон дээр буудаг том онгоцнууд дөнгөж орж ирж байсан юм. Тэгэхэд би таван өөр төрлийн найман онгоцыг нэгж хугацаанд буулгасан байдаг. Энэ нь том жижиг таван өөр төрлийн, 10 гаруй, орон орны нисгэгчтэй найман онгоцыг зэрэг зохицуулж буулгасан гэсэн үг юм. Тухайн үед 600 хүний амь насыг аврахын тулд орон орны нисгэгчидтэй ойлголцох гээд маш их ур чадвар шаардаж, амжилттай газардуулж чадсан. Ингээд 2012 онд хамгийн анхны иргэний нисэхийн тэргүүн гэх том, нэр хүндтэй том медалиа авч байв. Тэр үе маань одоог хүртэл огт мартагддаггүй юм.

-Маш их хариуцлагыг үүрч, ажлаа дууссаны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Одоо бол олон онгоцтой байх тусмаа бүгдийг чадна гэж бодож ажилладаг. Хамгийн гоё нь маш олон онгоц удирдаж, хөөргөж, буулгаад ажлаа өгчхөөд явах бахархам байдаг. Хэдэн онгоц удирдсан билээ, дотор нь хэчнээн их зорчигч сууж явсан билээ. Тэр бүх онгоцыг буулгаж хөөргөнө гэдэг миний хамгийн их хийж чадах ажил. Нислэгийн удирдагч хүний бахархал юм даа.

-Нислэгийн удирдагчийг агаар дээрх найрал хөгжмийн удирдагч гэж ярьдаг.

-Тэгж ярьдаг. Гэхдээ дийлэнх нь агаарын цагдаа нар гэж ярьдаг. Машиныг хойно урд нь оруулдаг шиг нислэгийн удирдагч онгоцыг агаарын зам дээр хойно, урд, дээр, доор нь оруулж, зохион байгуулалт хийдэг. Тийм болохоор зарим хүмүүс агаарын цагдаа нар гэж нэрлэдэг юм. Миний хувьд өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд ойролцоогоор сая гаруй онгоц хөөргөж буулгасан байна.

-Нислэгийн удирдагч хортой нөхцөлд ажиллаж байгаа гэж явдаг. Яг хамгийн хортой зүйл нь юу байдаг вэ?

-Хүмүүс маш их гайхдаг. Яг юу нь хортой байдаг вэ гээд. Онгоцоо хардаг радар дэлгэц нь маш өндөр туяаны хортой байдаг юм. Нэг хүн цагаас илүү хугацаанд сууж болдоггүй. Тэгэхээр нислэгийн удирдагчид маш их туяаны хорыг өөртөө шингээж авч байна гэсэн үг. Иймд 30 минут суугаад ээлжээ солино. Түүнчлэн ИНЕГ-аас ажилчдаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хөнгөлөлттэй үнээр хамруулж, амраадаг.

-Ковидын дараах үеэ бодвол нислэгийн тоо нэмэгдэж байгаа юу. Ер нь монголын нислэгийн салбар олон оронд гайхагддаг гэдэг. Шог ярианууд ч олон байдаг. Эдгээр нь үнэн үү.

-Нислэгийн тоо харьцангуй ихэсэж байгаа. Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын засгийн газарт өгөх төлөвлөгөө маань хасахтай гарсан. Одоо гэхдээ буцаад сэргэж, нислэгийн тоо нэмэгдэж байгаа. Монголын нисгэгчид олон улсын нисгэгчдийг бодвол харьцангуй өндөр ур чадвартай байдаг. Би ч олон тохиолдол харж байлаа. Монгол нисгэгчдээрээ маш их бахархдаг. Нөгөө талаар монгол улсын нөхцөл хүнд байдаг. Олон улстай харьцуулахад газрын хэрэглэл, тоноглол маш бага. Гэтэл тийм өгөгдөхүүнтэй нисгэгч бууж чадаж байна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийж чадах зүйл биш. Орос талдаа төгсөж ирсэн нисгэгчид нэн ялангуяа маш мундаг байдаг. Орос ах нарын хийж чаддаггүй зүйлийг монголчууд л тухайн үед хийж өгдөг байсан даа.

-Та ажиллаж байх хугацаандаа багшилж, одоо хэчнээн олон шавьтай болсон бэ?

-Нислэгийн удирдагч мэргэжлийг эзэмшиж, төгсөж ирээд ажиллахын тулд жил гаруй хугацаанд цалин мөнгө авахгүй дагалдан хийж явна. Маш хариуцлагатай мэргэжил учраас шууд ажиллах боломжгүй. Жилийн дараа цамхагийн нислэгийн удирдагч боллоо гэж бодоход найман жилийн дараа багшийн шалгаруулалтад оролцох эрх нь нээгддэг. Гэхдээ өмнө нь маш их шалгаруулалт, шалгалтад оролцоно. Миний хувьд 13 жилийн дараа багшийн эрхээ авсан байдаг. Багшийн эрхээ аваад 9 жил болсон байна. Өнөөдрийг хүртэл нийт 60 гаруй шавьтай. Үүнээс өөрийн гараар гардан бэлтгэсэн 33 шавьтай. Шавь нартаа олон зүйл сургаж, ойлгуулчих юм сан гэж боддог. Шавь нар маань дажгүй сайн ажиллаж байгаа. Би нүүр бардам байдаг.

-Таныг шавь нар чинь ямар багш гэж дүгнэдэг вэ?

-Ер нь шавь нартаа нэлээн шаардлага тавина. Тийм болохоор намайг ширүүн багш гэдэг. Эрчүүдийг нь зохих тохиолдол байна, эмэгтэйчүүдэд нь ширүүхэн дуугарах үе байдаг. Амь настай холбоотой, маш хүнд нарийн мэргэжил учраас тэр бүр хүнтэй ярьж хөөрөөд суух цаг зав байхгүй. Ажил бол ажил, ажлаа хийж байгаа нөхцөлд юу хийх ёстойг шавь нартаа хэлж, биеийг нь илүү даалгадаг. Эхлээд бүх зүйлийг тайлбарлаж, хэлж өгнө. Дараа нь буцаагаад шалгана. Нэлээн чангалж, ширүүн үздэг багш даа.   

-Шавь нартаа хамгийн их захиж хэлдэг зүйл.

-Маш олон зүйлийг захиж хэлдэг. Тухайлбал өглөө ажилдаа ирэхдээ юу хийх ёстой, ямар, ямар онгоц ирэх, агаарын түвэргэх хөдөлгөөний төрөл, цаг агаарын нөхцөл байдлыг судлах, түлш шатахуун, нисгэгч нарын ирэх нөхцөл хүнд, хөнгөн байх бүх зүйлийг төлөвлөх, нэмэлтээр мэдээлэл авах шаардлагатай бол хэнд хандах ёстой гээд ажилд явахаас өмнө бүх зүйлээ бэлдэх ёстойг захидаг. Мөн нойроо бүтэн авсан байх, уур уцааргүй, гэр бүлийн асуудал, хэл амгүй байж тухайн хүнээс удирдлага нь гардаг.

-Та нислэгийн удирдагч болохын тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Гэтэл хортой нөхцөл гээд 50 настай маш залуухан гавьяаны амралтдаа гарч байна. Энэ нь танд хүнд байна уу?

-Мэргэжлээс шалтгаалан хортой нөхцөл гээд 50 нас хүрээд гавьяаны амралтдаа гардаг. Миний хувьд нас үнэхээр залуу байна тэ. Гэхдээ ажлын шаардлагаар ийм үйл явдал тохиолдлоо. Нэгэнт болзлоо хангасан учраас хүсэлтээ өгсөн. Гэхдээ алба маань намайг хөөгөөгүй. Түүнчлэн багш нарын дутагдал байгаа учраас таныг буцаагаад авна шүү. Хүлээж байгаарай гэсэн. Хамт олон маань дуудах байх аа.

-Хамт олондоо хандаж таны хэлэх үг

-Иргэний нисэхийн системдээ 31 жил ажилласан байна. Энэ хугацаанд цугтаа ажиллаж байсан хамт олон, найз нөхөд алдаа оноотой бүх зүйлд хамт байсан мэргэжил нэгт ах, эгч, дүү нартаа бүгдэд нь баярлалаа. Мөн яруу алдарт нисэхийн 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Бүгдэд нь баярлаж явдаг шүү.

Ярилцсан танд баярлалаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.