Баянгол дүүргийн 20 сургууль, 15 цэцэрлэгт Тийбол спортын сэт хэрэглэл гардуулан өгчээ

2023-05-08 09:45:00

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Монголд Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын сэт хэрэглэл гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэг хамрагдсан юм.

Сэт хэрэглэл гардуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Японы Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваучи Широ, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээний үеэр Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн 14, нийслэлийн гурван удаагийн аварга  157 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзүүлбэр үзүүлэв. Мөн  “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид Тийболын үзүүлэх тоглолт толилууллаа. Үзүүлэх тоглолтын үеэр Япон Улсаас хүрэлцэн ирсэн зочид, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй хүмүүс Тийбол тоглосон юм.

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Миний бие хүүхэд хамгаалал болон хүүхдийг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, энэ чиглэлд хийгдэж буй санал санаачилгыг үргэлж дэмжиж ажилладаг. Тиймээс хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадварыг суулгахад хамгийн чухал суурь болсон Тийбол спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ. Цэцэрлэгийн насны болон бага, дунд ангийн хүүхдүүд багаар ажиллах хүүхдэд ээлтэй спорт дутмаг байдаг. Тийболын спорт үүнийг нөхөж байгаа нь маш том давуу тал гэж харж байна” хэмээн онцоллоо.

Манай улсад 2019 онд Монголын Тийболын үндэсний холбоог үүсгэн байгуулж, уг спортыг хөгжүүлж эхлээд буй. Баянгол дүүргийн хувьд нийслэлийн 9 дүүргийн түүчээ болж, Тийболын спортын сургагч багшийг бэлтгэн, баг бүрдүүлж дугуйлан хичээллүүлж, цаашид нийслэл төдийгүй тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох боломж нээгдэж байна.

Тийболын спорт нь бүх спортын суурь спорт болдог. Уг спортоор хичээллэснээр хүний баруун тархийг илүү хөгжүүлэх, мэндлэх, хүндлэх, багаар ажиллах, хамтын шийдвэр гаргах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадваруудыг хүүхдэд суулгаж өгөх давуу талтай юм.

ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тийболын спортыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бүгд Найрамдах Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Монголын  Тийболын үндэсний холбоо гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр талуудын боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өсвөр үеийн хүүхэд залууст багаар ажиллах чадвар суулгах, ёс зүйн боловсрол олгох, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ, ЯПОНЫ АНАН ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма нар хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цаашдын харилцааны талаар санал солилцлоо.

Анан хот Токушима мужийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд Шикоку арлын хамгийн зүүн хэсэгт байрладаг. Хуучин цайз хот байсан Токушима дүүрэг, боомт хот болох Тачибана дүүрэг гэсэн хоёр үндсэн төвтэй. 1958 оны 05 дугаар сарын 01-нд хоёр хот нэгдэж Анан хэмээн нэрийджээ. Мөн 2006 оны 03 дугаар сарын 20-нд Ханура, Накагава хотуудыг нэгтгэсэн байна. Анан хот нь дэлхийд лед  гэрэл үйлдвэрлэлийн өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Энэ хотод Тийболын спорт өндөр хөгжжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.