Хормын төдий уур бухимдлаас харамсаад барахгүй гэмт үйлдэл төрдөг…

2023-03-25 14:59:00

Уур удамшдаггүй. Бусдад хохирол учруулах, бусдын эрүүл мэндэд халдах, эдгээрээс үүдэн хэн нэгэн амьдрах хугацаандаа цэг, эсвэл хар толбо үлдээсэн тухай бодит жишээ, өнөөгийн соёлт нийгэмд ч яригдсан хэвээр. Бид бүхний хэллэгт хэдийнээ суусан соёлт нийгэм, цаашлаад цахим эринд шилжсэн ч бусдыг эрүүл мэндээр хохироох, хөдөлмөрийн чадвар түр болон бүрэн хэмжээний алдагдалд хүргэх энэхүү асуудлууд, аюулын харанга дэлдсээр байгаа нь харамсалтай.

       Хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2020 онд шинэчилэн найруулж өнөөдрийг хүртэл нийтээр даган мөрдөж байгаа. Хууль бидэнд болохгүйг зааж, түүнээс гарах хор хөнөөлийг ч таниулдаг. Гэвч хайр гээгдсэн тэр л орчинд нэгнийхээ эрүүл мэндийг зольсоор л байна.

        Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу зодооны гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд, архидан согтуурсан буюу биеэ хянах чадваргүй үедээ үйлдсэн байдаг. Улс нийтээрээ бүтээн босголт, гэрэлт ирээдүйн төлөө зүтгэж буй энэ цагт, залуусын дунд гэмт хэрэг үйлдэгдсээр байгаа нь даанч харамсалтай.

       “Нэг цохилт хоёр амьдралыг сүйтгэнэ”… Ерөөл өргөж, сайныг билэгдсэн сархадын ширээний найр, нулимсаар угаагдаж, харууслаар дуусах нь элбэг болжээ. Найр хавтгайрах цагаар буюу шөнийн 22-06 цагийн хооронд ихэвчлэн дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Мандсан нэгнийг сөхрүүлэх, амьдралын нөхрийг үгүй хийх сархад гэгч идээг хэтрүүлснээр, савнаасаа хальж, амьдын там, амины гарзанд унагадаг гэдгийг бид мэднэ. Хормын төдий уур бухимдал, үл ойлголцлоос харамсаад барахгүй гэмт үйлдэл төрдөг. “Азарганы хүрээгүйд унага нь хүрдэг Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг жамтай” гэдэг. Хийх итгэл, тэмүүлэх хүслийг өвлүүлсэн аавын хүү, ээжийн охид, сархадын ширээнээс босч, саар муугаас ангид явах нь, хэн бүхэнд нэн тустай. Өвгөдийн сургааль, ээж аавын захиаст, зөв явах, сайн зүйл рүү хөтлөгдөх тухай л заадгаас бус “Уурыг минь ав, уцаарыг минь гарга” гэж бичигдсэнгүй. Иймийн учир соёлт нийгмийн залуус бид бүтээн босголт, сэргэн мандалтын төлөө бие сэтгэлээ зориулах нь хамгийн зөв бизээ. 

“Уур өвлөгддөггүй…”


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.