15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй байна
2023-03-20 10:03:00
Улсын хэмжээнд 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа бий. Таргалалт залуужиж, таргалалтаас үүдсэн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна.
Хүн амын илүүдэл жин, таргалалтын талаарх зарим тоон мэдээллийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд танилцуулсан юм.
Тэрбээр "Улсын хэмжээд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Арван сарын хугацаанд нийт хүн амын 26.7 хувь буюу 900,000 гаруй иргэн эрт илрүүлэгт хамрагджээ. Эрүүл мэндийн илрүүлгээр эхний дата, судалгаанууд хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.
- Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс, бэлгийн тогтолцоо, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөл их байна. Эдгээр нь нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байгаа юм.
- 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчлөл илэрсэн. Үүний дараа хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд хүүхдүүдэд зонхилж байна.
Халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл бол зохисгүй хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол юм. Эдгээрээс шалтгаалж илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт зэрэг өвчин нэмэгдэж, улмаар нас баралтад хүргэж буй" хэмээн хэллээ.
Монгол Улсын хүн амын өвчлөлийн талаарх зарим тоон мэдээллийг тэрбээр үргэлжлүүлэн хүргэв.
Монгол Улсын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын дөрөвдүгээр судалгаагаар 15-69 насны бүлгийг тусгайлан авч үзсэн. Энэ насны таван хүн тутмын нэгд халдварт бус өвчний гурав ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа юм. Аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь нь дөнгөж 3.9 хувь байна.
Эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг дээрх тоон мэдээлэл харуулжээ.
15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол 15.5 хувь нь таргалалттай. Түүнчлэн илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж байна. Харин 35-69 насны арван хүн тутмын зургаа нь илүүдэл жин таргалалттай.
Хөдөө орон нутгийн иргэдийн жимс, хүнсний ногооны хэрэглээ хот суурин газартай харьцуулахад 1.5-3.2 дахин бага.
Монгол Улсын ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар,
- Сурагчдын 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай.
- Сурагчдын 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй.
- Сурагчдын 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг.
Монгол Улсын 15-69 насныхны 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг. Түүнчлэн 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй.
Таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Иймд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний дата судалгаанд үндэслэж, 2023 оны туршид “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсныг сайд С.Энхболд нэмж хэллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.