Б.Баянмөнх: Хүнтэй зодолдож нийтэд тустай ажил хийх, зорчих эрх хязгаарлах, торгох ялаар шийтгэгдсэн бол ял эдэлсэнд тооцогдоно
2023-03-15 10:39:00
Зодооны хэргийн улмаас жилд 6 мянган гаран хүн хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 30 мянган хүн уг хэргийн улмаас шүүхээр ял шийтгэгдсэн гэх статиситик мэдээлэл бий. Тэгвэл хэргийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг тус хэлтсээс ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран гуравдугаар сарын 15-31-ний хооронд зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнхтэй ярилцлаа.
Танд өдрийн мэнд хүргэе. Хүмүүс уур бухимдлаа барьж дийлэхгүй бусадтай гар зөрүүлэх тохиолдол бий. Гэхдээ ихэвчлэн ямар шалтгааны улмаас зодооны гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна вэ?
Хамгийн эрхэм зүйлийн нэг бол хүний эрх, эрх чөлөө байдаг. Эрх чөлөө зөрчигддөг нэгэн зүйл бол хүний бие махбод эрүүл мэндэд халдах үйлдэл юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдаж зодолдох, хүн ёсны харилцаа хүнлэг бус, уур бүхимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байна. Асуудлыг заавал уур бухимдал гар, хөлөөрөө биш хэл амаараа шийдэх боломж хүн бүрт байгаа
Манай улсад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал хэр байна вэ?
Манай улсад “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлж, 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-35 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн. Энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг нь ялихгүй зүйлээс болж хоромхон хугацаанд нэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөө нь эрүүгийн хариуцлага хүлээж, насан туршдаа хувь хүний эрх зүйн байдал дордож байна. Мөн харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдсаны улмаас хоёулаа хохирч, хоёулаа шүүхээр ял шийтгэгдэх тохиолдол цөөнгүй байна. 2022 онд Нийт бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн. Үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна. Ахуйн хүрээнд архидан согтуурахтай холбоотой гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх давхар зөрчигдөж байна. Иймээс хүүхдийн хажууд архидан согтуурах, хэрүүл маргаан хийх, зодолдох үйлдлээс ангид байж, хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагч та бидний оролцоо чухал үүрэгтэй байна.
Залуучууд зодоон хийх нь оройн цагаар ихээр үйлдэгдэх магадлалтай. Цаг хугааны хувьд авч үзвэл?
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй цаг хугацааны хувьд авч үзвэл 2022 онд 19-22 цагийн хооронд 1554, 14-19 цагийн хооронд 1825, 06-14 цагийн хооронд 1432, 22-06 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувийг дангаар эзэлж байгаа нь хамгийн өндөр хувьтай байна. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа 22-06 буюу шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт нийт 6999 хүн холбогдсоноос 764 буюу 11.0 хувь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүн, 3710 буюу 53.0 хувийг 18-34 насныхан эзэлж байх бөгөөд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон, холбогдсон тохиолдолд гарах хор уршгийг таниулах зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг ихээр гардаг 03 дугаар сарыг сонгож, 03 дугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Бидний ирээдүй гэрэл гэгээтэй зөв байвал улс орны ирээдүй, хөгжил дэвшил зөв замаар зөв явахын эхлэл болно.
Хүмүүс эрх зүйн мэдлэг дутмаг байгаагын улмаас гэмт хэрэг үйлддэг. Таны хэлж байгаачлан эрх зүйн мэдлэгийг олгох нь хамгийн чухал болов уу?
Тийм ээ. Иргэд зодоон хийчхээд таргуулаад өнгөрчихлөө гэж бусдын жишээн дээрээс буруу ойлголт авдаг. Өөрийнх нь ойр орчимд бусдыг зодож гэмтэл учруулаад хорихоос өөр төрлийн ял шийтгүүлснийг ял авсангүй гэж боддог. Зөрчлөөр торгуулах, шүүхээр орж гэмт хэрэгт ял шийтгүүлэх нь хоёр өөр ойлголт. Бусдын биед санаатай болон болгоомжгүй байдлаар гэмтэл урчлуулж шалгагдаад шүүхээр хорихоос өөр төрлийн шийтгэл авсан бол ял шийтгүүлсэн гэсэн үг. Ид хөдөлмөрийн насны 18-35 насны залуус ял шийтгүүлсэн гэх том хар толботой болчихоор эрх зүйн байдал нь дордож цаашдын карьер, амьдрал ахуйд нь маш их сөргөөр нөлөөлдөг. Тиймээс уур, бухимдлаа зодооноор хүчээр битгий шидээч ээ гэдгийг залуустаа захимаар байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бусад гэмт хэргийн хэдэн хувийг эзэлж байна вэ? Тоо баримт дурьдвал?
Өнгөрсөн 5 жил болон 2022 онд үйлдэгдсэн хэргийн тоо баримтыг дээр хэлсэн. Бусдын биед хөнгөн /гэмтэл/ хохирол санаатай учруулах буюу 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг 84.9 буюу дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд дүн шинжилгээ хийж ажиллахад 100 хувь шийдвэрлэх боломжтой байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг түргэн шуурхай бүрэн гүйцэт шийдвэрлэх зорилгоор энэ онд шийдвэрлэлтийг 85 хувьд, хэргийн илрүүлэлтийг 90 хувьд ахиулан хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Холбогдогчдыг нийгмийн байдлаар авч үзвэл:
Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 6999 этгээд холбогдсоноос 764 буюу 11.0 хувь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүн, 3710 буюу 53.0 хувийг 18-34 насныхан эзэлж байна.
Боловсролын түвшин:
Насны байдлаар:
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн гаралтыг бууруулах ухуулга, нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар тогтмол зохион байгуулдаг боловч арга хэмжээг зохион байгуулсан сардаа гэмт хэргийн гаралт буурч эерэг үзүүлэлт гардаг бөгөөд, тогтмол буурахгүй байгаа шалтгаан нь хүүхэд бага наснаасаа ёс суртахуунтай болж төлөвшөөгүй байдал харагдаж байна иймд бид их дээд сургууль руу чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүэх зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа.
Ярилцсанд баярлалаа
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.