“Гар утсаа бусдад ашиглуулаад луйврын хохирогч болчихлоо”

2023-01-09 16:37:00

Цар тахлын үед хүчээ авсан гэмт хэргийн төрөл бол цахим залилан. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирогч болсон 

Монголчуудын тоо өдөр ирэх тусам өсч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулах боллоо.

Тэр дундаа иргэд гар утсаа бусдад ашиглуулснаар хувийн мэдээллээ алдаж, санхүүгийн эрсдэлд орон залилуулах болжээ. Тухайлбал, саяхан цахим орчинд нэгэн иргэн “сайхан сэтгэл гарган хүнд тусалсныхаа хариуд залилангийн хохирогч болсон” талаараа нийтлэн иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлсэн юм. /Тус иргэний зөвшөөрөлтэй нийтлэв./

Тохиолдол 1:

Луйврын хохирогч болчихлоо...

Өнөөдөр /2022.06.28/ 20 цагийн үед 25-р эмийн сангийн автобусны буудал дээр түгжрээд явж байхад 15-17 насны эрэгтэй хүүхэд "Эгч ээ,ээ 10-р хороолол орох гэсэн юм. Сая Дорнодоос орж ирсэн юм аа. Утас мөнгө байдаггүй та дөхүүлээд өгөөч очоод найзаасаа мөнгө аваад өгье" гэлээ.

Тэгээд буян болох санаатай "За суу суу" гээд суулгалаа. 

Нөгөө хүүхэд "Эгчээ та утсаараа чат оруулаад өгөөч, яг хаана гэдгийг нь мэддэггүй ээ. Чат ороод асуух гэсэн юм" гэж байна. За хөөрхий хөдөөгөөс ирсэн гэсэн юм чинь гээд утсаа өгчихлөө. 

Тэгээд чат бичээд л "Түр хүлээж байгаарай эгчээ би найзаасаа гялс мөнгө авлаа" гэж байна. Тэгээд "Эгчээ таны данс руу мөнгө хийлгээд авчих уу хөдөөгөөс ирсэн болохоор карт байхгүй, мөнгө хэрэгтэй" гэхээр нь "За тэг ээ гээд дансаа хэлэв".

10-15 минут өнгөрөөд "За эгчээ болчихлоо" гээд хамт АТМ орж мөнгө аваад хоёр тийш саллаа. Удалгүй найз маань залгаад "Чи зүгээр үү, юу болов" гэхээр нь "Зүгээр яасан бэ" гээд сая л нэг ойлголоо.

Нөгөө хөдөөгөөс ирсэн, газар мэдэхгүй гээд байсан хүүхэд миний чатаар ороод манай найзууд руу "Сая машинтай явж байгаад хүн мөргөчихлөө, яаралтай мөнгө зээлээч" гэж хэлээд авсан байж л дээ...

Тэгээд миний данс очихоор манай найзууд итгээд явуулж таарсан байна. Мөнгө явууллаа гэхээр нь манай найзуудыг блоклочихсон байгаа юм.

Тэгвэл өөрийн гар утсыг бусдад өгөөгүй ч нууц үгээ өөрийн утасны дугаараар хийж залилангийн хохирогч болох тохиолдлууд гарчээ. Тодруулбал, цахим залилангийн хохирогч болж буй иргэдийн дийлэнх нь цахим хаягтаа нэвтрэх нэр болон нууц үгээ утасны дугаар, төрсөн он сар өдрөөрөө тэмдэглэсэн байна.

Та бүхэнд энэ төрлийн гэмт хэргийн бодит жишээг хүргэж байна.

Тохиолдол 2:

Иргэн Т нь өөрийн гар утсаараа бусдын фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаар зохиож таахаар оролджээ. Харин 2021 оны есдүгээр сарын 5-ны өдөр 9910**** гэх утасны дугаарыг фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг хэсэгт хоёуланд нь бичихэд иргэн Д-ийн фейсбүүк хаягт тохирсон байна. Ингээд Д-ийн өмнөх харилцсан чатуудаас харж, түүний найз Б-ийн фейсбүүк хаяг руу “Дүү маань осолд орчихсон. Яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна. Хөдөө сүлжээ тасраад байгаа учраас мөнгө шилжүүлэхэд хэцүү байна. Сумын төв рүү ороод мөнгийг чинь буцаагаад шилжүүлье” гэж чат бичжээ. Иргэн Б нь үүний хариуд түүний хэлсэн 1,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /Мэдээллийг Цагдаагийн байгууллагаас тодруулсан болно./

Гар утсан дээр таны хувийн мэдээлэл байдаг тул бусдад ашиглуулах, дамжуулахаас зайлсхийгээрэй. Иймд иргэд та бүхнийг гар утсаа бусдад ашиглуулахдаа хянуур хандаж, хувийн мэдээллээ нууцлахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

• Гар утас, таблет болон компьютер зэрэг хувийн төхөөрөмждөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх;

• Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй /үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi-Fi сүлжээгээр дамжуулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална./

• Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх;

• Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй холбоос дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;

• Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх. Хэрэв хандсан бол заавал  Log out/Sign out үйлдлийг хийн гарах;

• Өөрийн төхөөрөмжид нууц үгийн хамгаалалт, антивирус программ хангамж зэрэг нууцлалын аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх;

• Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх;

• Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утас болон и-мэйл дотроо хадгалахгүй байх;

• “Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай”, “Койн өсгөх арга зааж өгье” гэх хялбар аргаар мөнгө олох агуулгатай мэдээлэлд бүү итгээрэй, тэр тусмаа хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.