Согтуугаар машин барьвал жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно

2023-01-03 10:57:00

Цахим орчинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэх хууль хэрэгжиж эхэлсэн мэдээлэл гараад байна. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас уг мэдээллийг  худал гэдгийг мэдэгдлээ. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд "Олон нийтийн сүлжээнд гараад буй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд авах арга хэмжээний мэдээлэл худал мэдээлэл гэдгийг хэлье. Албан ёсны эх сурвалжтай мэдээлэлд тулгуурлана уу" гэв. 

МУ-ын их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ" хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Энэ хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудал байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй байна.

Энэ хуульд зааснаар 14.7.3.Жолооч: 3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; 3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.