Бразилын хөл бөмбөгийн хаан Пеле 82 насандаа таалал төгслөө

2022-12-30 10:12:00

Хөл бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг, хөл бөмбөгийн хаан хэмээн өргөмжилсөн, Бразилын довтлогч Пеле 82 насандаа таалал төгслөө.

Тэрбээр арваннэгдүгээр сараас хойш  Альберт Эйнштэйн Израилита эмнэлэгт хэвтэж байсан юм. Пелегийн замналын ихэнх шилдэг тоглолтууд болж байсан Сан Паоло хотын ойролцоох Вила Белмиро стадионд ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагуудад оршуулгын ёслолыг зохион байгуулахаар болжээ.

Даваа гарагийн өглөө Пелегийн шарилыг эмнэлгээс гаргаж, стадионд хүргэх гэнэ. Ингэхдээ түүний 100 настай ээж Селестийн амьдардаг Сантуш хот дахь гэрийн үүдээр дайрч өнгөрөх юм байна.

Бразилын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар домогт тамирчны ээж одоо хэвтэрт, ухаан санаа нь муудсан байгаа гэнэ.

Пеле буюу Эдсон Арантис ду Насименту 1940 оны аравдугаар сарын 23-нд мэндэлсэн юм. Тэрбээр 1958, 1962, 1970 онуудад хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байсан бөгөөд гурван удаа ДАШТ-д түрүүлсэн цорын ганц хүн ажээ. Дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага FIFA түүнийг Аргентины Диего Марадонагийн хамт зууны шилдэг тоглогчоор нэрлэж байжээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.