Казино ажиллуулах аж ахуйн нэгж 300 саяын хөрөнгө оруулж, 40 хувийн татвар төлнө

2022-12-26 16:26:00

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр, тааварт тоглоомын тухай хуулийг УИХ-д өргөн барилаа. 

Тэрбээр, "1999 онд УИХ казиногийн тухай хуулийг баталж гаргаж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө параламентаас хүчингүй болгож байсан. Казино дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тэр утгаараа Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа тохиолдолд Казиногийн тухай хуулийг батлах шаардлагатай байгаа" гэв. 

Казиногийн хуулийн дагуу лицензийг авч, бусдад дамлан зарахыг боломжгүй болгон хааж өгчээ. 

Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш бодит хөрөнгө оруулахаа илэрхийлж, дэнчингээ өгсөн нэг аж ахуйн нэгжид казиногийн тусгай зөвшөөрөл олгоно. Таван жилийн дараа нэмж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг УИХ шийднэх юм байна.

Казиногийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг нь шууд казиногийн орлогын албан татвар болгож хураана. Хожсон тоглогчдоос татвар авахгүй. 30 жилийн дараа нийт казиногийн ширээний 50 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжинэ. Хуулийн төслийн үзэл баримтлалаар бол Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын зэрэгцээ казиногийн цогцолбор барьж байгуулах газрыг Засгийн газраас өгөхөөр төлөвлөсөн. Онгоцоор ирсэн, Монголд ирсэн жуулчид тоглож болно. Монгол иргэд казиногоор орж үйлчлүүлэхгүй байх, хаалт хязгаарлалтууд тавьсан гэж мэдээллээ.

Түүнчлэн  нүүдэлчин, морьтон монголчуудын удам хэдий ч сонгодог морин уралдааны соёл орж ирээгүй учрааас аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгож хуулийн төслийг боловсруулсан гэв. Мөн сүүлийн жилүүдэд залуучууд онлайн казинод донтож, сургуулиа хаяж, амьдралаа алдаж байна гэсэн гомдол, санал их ирж байгаа учраас дотооддын уралдаан тэмцээнд л бооцоо тавьдаг эрх зүйн орчныг оруулж ирэхээр зорьж, төлбөр, тааварт тоглоомын тухай хуулийг боловсруулсан гэж тэрбээр мэдээлсэн юм. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.