Г.Занданшатар: Хил орчмын бүс нутагт газар өмчлүүлэхийг хориглосон
2022-12-26 12:32:00
"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал халдашгүй дархан байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.Мөн Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал болон хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан заалтыг мушгин гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай уг тогтоолыг ХХЕГ, Геодизи, зураг зүйн газар, БХБЯ болон холбогдох тусгай алба, нарийвчлан шинжилж судалж байгаад оруулж ирж, улсын тусгай хэрэгцээнд буюу улсын мэдэлд авсан. Зорилго нь тодорхой. Тодруулбал, улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь төрийн мэдэлд авч, хилийн зурвас газар, хил орчмын бүсэд зөвшөөрөлгүйгээр хувийн болон ААН-д газар эзэмшиж, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Ингэхдээ зөвхөн УИХ-аар шийдвэрлүүлдэг байх эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн" гэв.
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямар нэгэн үйлдэл, эрх зүйн акт гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.