Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар зөвлөлдлөө
2022-12-23 10:42:00
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нар 2022 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, шүүхийн шийдвэрийн хураангуй тойм бэлтгэх аргачлалын талаар зөвлөлдлөө. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зүйлийн зарим заалтуудын албан ёсны тайлбарын талаар захиргааны хэргийн шүүгчдэд мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Шүүхийн тухай хуульд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлахаар заасан.
Шүүхийн шийдвэрийг энгийн, ойлгомжтой, хураангуй тойм хэлбэрээр олон нийтэд мэдээлэх хэрэгцээ, шаардлага, шүүгчдийн оролцоо, тойм хураангуйг хэрхэн бэлтгэх арга зүйн талаар шүүгчдэд мэдээлэл өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ын агуулга, зохицуулалтын талаар тайлбарлаж, ярилцав.
Шүүхийн шийдвэрийг энгийн ойлгомжтойгоор олон нийтэд мэдээлэх шаардлага зөвхөн нийслэлд биш, орон нутагт байгаа талаар шүүгчид онцолж, шийдвэрээ хураангуйлж мэдээлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.