Д.Болор: Энэ онд угаарын хийнд хордож, амиа алдсан 21 тохиолдол бүртгэгдсэн байна
2022-12-22 18:11:00
Сайжруулсан шахмал түлшинд угаартаж, хордсон гэмт хэрэг, зөрчил болон шахмал түлшийг зөв хэрэглэх, яндангаа хөөлөх зэргээр иргэдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болортой ярилцлаа.
Өвлийн цагт сайжруусан шахмал түлшинд угаартаж, хордсон болон нас барсан хүний тоон үзүүлэлт ямар түвшинд байна вэ? Үүнийг өмнөх онтой харьцуулбал?
2021 онд сайжруулсан шахмал түлшинд угаартаж, хордсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 491 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 60 тохиолдол бүртгэгдсэн байна. 2022 онд онд сайжруулсан шахмал түлшинд угаартаж, хордсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 21 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс дүгнэж үзвэл сайжруулсан шахмал түлшинд угаартаж хордсон гэх дуудлага мэдээллийн тоо 34-өөр, нас барсан хүний тоо 39 нэгжээр буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэдлэг, боловсрол дутуу байгаагаас энэ төрлийн гомдол мэдээллийн тоо буурахгүй байна. Мөн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэг нь гэр хороолол ихтэй тул дээрх 2 дүүрэгт энэ төрлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг.
Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, яндангаа хөөлөх зэргээр иргэдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ямар ямар ажлыг зохион байгуулсан бэ?
Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулая”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хугацаанд айл өрхүүдээр явж янданг үнэгүй хөөлж өгөх, яндан хөөлөх заавар, зөвлөмж, сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх тухай зааварчилга, угаар мэдрэгчийг хэрхэн ашиглах тухай заавар зөвлөгөөг өгсөн. Аян, арга хэмжээ зохион байгуулах явцад иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхдээ хянуур, болгоомжтой хандах, битүүмжлэллийг шалгах, угаар мэдрэгчээ ажиллуулж эхэлдэг, цаашлаад иргэдийн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол багасдаг бол арга хэмжээ дуусангуут хүмүүс өдөр тутам хийдэг галлагаандаа төдийлөн сайн анхаарч, хариуцлагатай ханддаггүй байх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Мөн арга хэмжээний хүрээнд 2020 оны 1 сарын 5-аас сайжруулсан түлш хэрэглэж буй айл өрхүүдэд угаар мэдрэгчийг үе шаттайгаар байршуулж эхэлсэн. Угаар мэдрэгч суурьлуулснаар цагдаагийн байгууллагад угаартсан тухай дуудлага мэдээллийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 479 нэгжээр буюу 64.5 хувиар буурсан.
Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглээгүйгээс шалтгаалан том хүн эрүүл мэндээрээ хохирдог бол хүүхэд, өндөр настай хүмүүс нас барах тохиолдол цөөнгүй байдаг байх. Энэ тал дээр албаны байр суурийг илэрхийлбэл?
Угаартаж нас барсан хүмүүсийг сүүлийн 3 жилийн байдлаар насны ангиллаар авч үзвэл бага насны 19 хүүхэд, өсвөр насны 1 хүүхэд, насанд хүрсэн 20 хүн, өндөр настай 13 хүн, нийт 53 хүн нас барсан байна. Ихэвчлэн том хүмүүс угаартаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чаддаг бол бага насны хүүхдийн хувьд угаартсаны улмаас нас барах тохиолдолд цөөнгүй байна. Иймээс иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхдээ аюулгүй ажиллагаа болон галлагааны журмыг сайтар дагаж мөрдөх, яндангаа улиралд 1-2 удаа хөөлж хэвших, угаар мэдрэгчийг ажиллуулах, өрхөө бүтээхгүй байх зэрэг наад захын үйлдүүдийг хийж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна. Өдөр тутамдаа л миний хийдэг үйлдэл гэж хайхрамж болгоомжгүй хандахаас илүүтэйгээр иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Таны өнөөдрийн хийж буй үйлдлээс хамаарч ирээдүй болсон хойч үе эрсдэлд бүү оруулаач ээ гэж анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.